Цагдаагийн удирдлагуудыг хамгаалалтад авчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Цагдаагийн удирдлагуудыг хамгаалалтад авчээ

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт  сэжигтнээр татагдаад байгаа цагдаагийн удирдлагуудыг шүүн таслах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорих захирамжийг өнгөрөгч лхагва гаригт гаргасан билээ.

Дээрх шийдвэрийг сонссон цагдаагийн дарга нарын даралт ихэсч, чихрийн шижин өвчин нь хүндэрсэн гэх шалтгаанаар шүүхийн танхимаас түргэн тусламжийн машинаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарын биеийн байдлыг тодруулахаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн харъяа хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт очиход үүдэнд нь цагдаагийн хамгаалалт гарч дотогш сэтгүүлчдийг нэвтрүүлсэнгүй. Мөн тэднийг хариуцан эмчилж буй эмч нь биеийн байдлынх нь талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй, харин Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан өдөрт нэг удаа цагдаагийн дарга нартай уулзаж, эмчээс нь биеийн байдлын талаар тодруулахаар болсон. Тэр хүнээс мэдээлэл авах боломжтой гэсэн юм.

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхантай уулзаж тодруулахад” надад тийм үүрэг өгөөгүй. Шүүгдэгчидтэй одоогоор уулзаагүй байгаа болохоор тэдний биеийн байдал ямар байгааг хэлэх боломжгүй. Тэгээд ч би эмч биш шүү дээ” гэв.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна цагдаагийн удирдлагуудыг ар гэрийнхэн болоод тэдний өмгөөлөгч нар цагдан хорих шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг гаргахыг хүсч, ерөнхий шүүгчид хандахаар цуглаад байсан юм. Үүнээс гадна лхагва гаригт болсон шүүх хурлын дараа үүссэн эмх замбараагүй байдал болоод, шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулж байгаа гэх үндэслэлээр  “Монголын шүүгчдийн холбоо”-ноос мэдэгдэл гаргаад байгаа юм. Тэд уг мэдэгдэлдээ” Шүүгдэгч нарын өмгөөлөгч өвчтэй, хурал давхацсан, гадаад явсан зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байгаа нь шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа явдал гэж үзэхээр байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн  шүүх бүрэлдэхүүн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах, эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнчлэн шүүхээс гарсан цагдан хорих шийдвэрийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээр барахгүй шүүхийн танхимд  янз бүрийн сонирхол бүхий этгээдүүд өөрсдийн хууль бус шаардлага, сонирхлоо тулгах, шүүхийн эд хөрөнгийг эвдэх, шүүх хуралдааны танхимд дайрч орох, шүүгчийн эрх чөлөөнд халдах зэрэг хууль бус үйлдлүүд гаргаж байхад Цагдаагийн байгууллага үндсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь шүүхийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн байна. Иймд шүүх хуралдаан цаашид хэвийн явагдах нөхцөлийг хангах талаар Цагдаагийн байгууллагын удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч, шүүхийн шийдвэр бодитой хэрэгжих, шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах, шүүгчийн аюулгүй байдал, хараат бус байдлыг хангах талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэсэн юм.

Уг мэдэгдлийн талаар болоод шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг эсэргүүцээд байгаа цагдаагийн удирдлагуудын нэг болох Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлээс цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.    

-“Монголын шүүгчдийн холбоо”-ноос гаргасан мэдэгдэлд таны болон таны үйлчлүүлэгчийн хувд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Шүүгчдийн холбоо ийнхүү мэдэгдэл хийж байгаа нь төрийн бус байгууллага шүүхийг төлөөлж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хууль бус үйлдэл болж байна.  Үнийг бид эрс няцааж байна. Бид ч мөн мэдэгдэл гаргана. Бидний зүгээс шүүх ажиллагаанд ямар нэг хэлбэрээр саад учруулаагүй. Миний хувьд өнгөрсөн хугацаанд болсон бүх л шүүх хуралдаан дээр сууж байсан. Гэхдээ өмгөөлөгч хүн  гэхээр л өвддөггүй, үхдэггүй, албан ажилтай байж болдоггүй мэтээр үзэж байгааг эсэргүүцэж байна. Иргэн хүний талд байдаг хуулийн ганцхан мэргэжил бол өмгөөлөгч шүү дээ.

-Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага зөвхөн биелүүлэх үүрэгтэй” гээд заачихсан байдаг шүү дээ. Гэтэл шүүгдэгчид эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа нь нэг ёсондоо энэ хуулийг зөрчөөд байгаа юм биш үү?

-Шүүхийн шийдвэрийг хэн бүхэн мөрдөх үүрэгтэй. Гэхдээ хууль бус шийдвэрийнх нь талаар бид гомдлоо гаргах эрхтэй. Энэ л зарчмаар яваа. Хэдийгээр хууль бус гэж үзэж байгаа ч гэсэн шүүхийн тогтоол хэрэгжээд, холбогдогчдыг эмнэлэгт нь хориод л байж байна шүү дээ.

-Та сая хууль бус шийдвэр гэж хэллээ.Үүнийгээ тайлбарлаач ?

-Шүүх бүрэлдэхүүнээс нэгэнт татгалзсан, хэргийн талаар ямар ч шийдвэр гаргах эрхгүй бүрэлдэхүүний гаргасан шийдвэр. Үндэслэл нь ч хууль бус. Наадах чинь арай дэнджээ гэж шүүгч хүмүүс хүртэл хэлж байна. Бид тухайн шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзсан. Ингээд л цаашдаа ямар нэг шийдвэр гаргах эрхгүй болж байгаа юм. Татгалзлыг хүлээж авах эсэхийг ерөнхий шүүгч шийдвэрлэнэ. Гэтэл татгалзсаны дараа шийдвэрээ гаргасаныг эсэргүүцэж байна.

-Шүүх хурлын дараа эмх замбараагүй байдал үүсэж шүүгчийн биед халдаж байхад тэнд байсан цагдаагийн алба хаагчид юу ч хийгээгүй зүгээр л хараад л зогсож байсан шүү дээ. Үүрэг хүлээсэн алба хаагчид ийм байж болдог юм уу. Хуульч хүнийхээ хувьд та ямар бодолтой байна вэ?

-Шүүгчийн биед иргэд халдаж байхыг би харсан. Энэ бол маш буруу зүйл. Шүүгчийг хамгаалж байж л шударга ёсны талаар ярина шүү дээ. Өмгөөлөгч бид ийм үйлдлийг тууштай буруушаана, ийм зүйл гарах ёсгүй. Харамсалтай нь шүүгч хүн бие махбодоосоо илүүтэйгээр захиалга даалгавар, нөлөөлөлд автаж байгаа нь дээрхээс ч муу зүйл.

-УЕП-оос гаргасан мэдэгдэлд 2008 оны 7 сарын 1-ны өдрийн жагсаалыг тараах ажиллагааны үед цагдаагийн албан хаагчид байлдааны сум бүхий галт зэвсэг хэрэглэж хүний амь нас хохироосон болохыг мөрдөн байцаах байгууллага хөдөлбөргүй баримтаар тогтоосон гээд байгаа

-Хөдөлбөргүй нотолсон эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Шүүхийн шийдвэр гараагүй байна шүү дээ. Тэгээд ч эзэн нь олдохгүй байгаа  хонгио нийт хураагдсан хонгионы тал хувийг эзэлж байна.  Эздийг нь олоогүй байж цагдаа буудсан нь хөдөлбөргүй гэж ярьж байгаа нь хэргийн үнэн зөвийг мэдэх эрхтэй ард иргэдийг төөрөгдүүлж, ажлынхаа дутагдлыг нууж байгаа ажиллагаа. Ер нь энэ гэмт хэргийн зүйлчлэл ч угаасаа буруу байгаа гэсэн юм.

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж