Барилгуудад хонгилын систем байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Барилгуудад хонгилын систем байгуулна

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт очиж, нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлох, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах хорооллуудын дэд бүтцийн нөхцөл байдлын талаар холбогдох мэргэжилтэн, агентлагийн дарга нартай ярилцлаа. Түүнчлэн нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, шинээр барих хорооллын дэд бүтэц, тэр дундаа инженерийн шугам сүлжээг хонгилын системээр зохион байгуулах, Туул, Сэлбэ голын урсац, хөрсний усыг ашиглах төслийн талаар хэлэлцсэн юм.

Газар доорх инженерийн шугам сүлжээг хонгилд байрлуулах талаар баталсан норм, дүрмийг хэрэгжүүлэх чиглэл рүү барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зураг төслийнхөн шилжиж ажиллах цаг ирсэн тухай өнөөдрийн хурлаар онцоллоо.

Хот төлөвлөлтөд тулгарч буй хүндрэлийг багасгахын тулд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг онцгой анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байна. Ингэхдээ хөтөлбөрийн хүрээнд барих барилгуудын дулаан, цахилгаан, усны эх үүсвэр болон Засгийн газрын хүрээнд эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих ажлыг түргэтгэх шаардлагатай байгааг салбар хариуцсан сайд онцолж байлаа.

Өнөөдрийн уулзалтаар ЗТБХБ-ын сайд Газрын багц хууль, орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл, Газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн мэдээ дуулгалаа.

Уулзалтын дараа сайд болон холбогдох мэргэжилтнүүд 40 мянгатад 2011 онд баригдсан 200 метр урттай тунелийн системтэй танилцав. Монголд анх удаа баригдсан инженерийн шугам сүлжээг байрлуулсан тунелийн системийг 950 сая төгрөгийн өртгөөр байгуулжээ. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг нийтэд нь яг ийм тунелийн системийн хэлбэрт шилжүүлчихвэл зундаа засварлахаар хөрсийг нь хуулж, намартаа хучдаг газар шорооны ажил зогсч, төсвийн хөрөнгө хэмнэх давуу талтай юм. Тиймээс ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нийслэлийн шугам сүлжээг нийтэд нь энэ хэлбэрт оруулах ажлыг эхлүүлнэ хэмээв.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж