Шүүх хуралд 60 цагдаа хэв журам сахиулсан гэв үү?

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Шүүх хуралд 60 цагдаа хэв журам сахиулсан гэв үү?

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэмтэж бэртсэн цагдаа нарт Цагдаагийн ерөнхий газар болоод Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн болоод, өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон цагдаагийн удирдлагуудад холбогдох шүүх хурлын эргэн тойронд болсон асуудлаар ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ЦЕГ-ын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр 397 албан хаагч үүрэг гүйцэтгэх явцдаа хүнд, хөнгөн гэмтэл авч, цагдаагийн олон алба хаагч эд материал, сэтгэл санааны хохирол амссан. Тиймээс цагдаагийн байгууллагаас хохирогчдод Нөхөн олговор олгох тухай хуулийн хүрээнд 523 алба хаагч тус бүрт 100 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Түүнчлэн 150 гаруй алба хаагчийг сэтгэл санааны засал хийлгэх, нөхөн сэргээх сувилалд хамруулах зэрэг арга хэмжээнүүдийг авсан талаар мэдээлэв. Түүнчлэн ЭМЯ, ХЗДХЯ-тай хамтарч гэмтэж бэртсэн албан хаагчдыг хоёр үе шаттайгаар эрүүл мэндийн нарийн мэргэжлийн оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулсан талаар ярилаа. Цаашид Цагдаагийн ерөнхий газар эрүүл мэндээрээ хохирсон алба хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буйгаа мөн мэдээлсэн юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр болсон цагдаагийн удирдлагуудыг шүүх хурлын үеэр болсон үйл явдлын талаар мэдээлэл хийсэн албаныхнаас тодруулсан юм.

-Сэтгүүлчдэд мэдээлэл хийж байгаагийн гол зорилго юу вэ?

-В.Удвал: Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой ташаа мэдээлэл гарч байна. Үймээний үед их хэмжээний хохирол учирсан нь үнэн. Гол нь Монголын төр хохирсон цагдаа нарын төлөө юу ч хийгээгүй, хайхраагүй, анхааралдаа аваагүй гэх зэргээр ташаа мэдээлэл нийгэмд цацагдаж эхэллээ. Мөн цагдаагийн байгууллагын дарга нарыг хилсээр яллах гэж байна гэх мэдээлэл ч байна. Долдугаар сарын 1-ний хэрэгт хохирсон иргэдийн нэгээхэн хэсэг нь төрийн албан хаагч буюу цагдаагийн ажилтнууд. Тухайн үед УИХ-аас хууль гарч, хохирсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нөхөн олгохыг шийдвэрлэж, Засгийн газрын 293 дугаар тогтоол гарч, бүх нөхөн олговорыг олгосон. Өнгөрсөн хугацаанд 17 тэрбум 623.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс гаргажээ. Нийт 300 гаруй хохирогч нь цагдаа болон Дотоодын цэргийн албан хаагчид. Тэдэнд  48.2 сая төгрөгийн нөхөн олговор олгосон. Мөн эрүүл мэндээрээ хохирсон зургаан иргэнд ч нөхөн олговор олгосон. Гэтэл цагдаагийнхаа төлөө ямар ч арга хэмжээ аваагүй мэтээр ярьж байна. Энэ бол өрөөсгөл. Тийм учраас баримттай мэдээлэл өгөх зорилгоор энэ хурлыг хийж байна.

-Өчигдөр болсон шүүх хурлаас янз бүрийн маргаан, асуудал үүсч байна. Эдгээр асуудалд ХЗДХЯ-ны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Шүүхийн шийдвэр тодорхойгүй хугацаагаар хойшилж, шүүгдэгчдийг цагдан хорих шийдвэр гаргасан юм билээ. Цагдаагийн ажилтнуудын биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэсэн. Цаашид авах мэдээллийг холбогдох газраас нь авах ёстой болов уу. Хэчнээн цагдаа хамгаалтад гарсныг мэдэхгүй байна. Хэчнээн иргэд эсэргүүцэж, жагссаныг мэдэхгүй байна. Гэхдээ нийгэмд өөрийн хийж байгаа ажлынхаа төлөө буруутан болоод байвал яах юм бэ гэсэн айдас түгшүүр цагдаагийн алба хаагчдын дунд бий болчихлоо шүү дээ. Нийгэмд замбараагүй байдал үүсгэж, цагдаа нарын зүрхийг үхүүлж байна.


Ц.Арвинбуудай: Цагдаа ажил хаях талаар огт яригдаагүй

-Эмнэлэгт хүргэгдсэн цагдаа нартай хэнийг ч уулзуулахгүй хөл хорио тогтоосон гэх мэдээлэл байна?

-Одоогоор эмнэлэгт дөрвөн цагдаагийн алба хаагч хамгаалтад гарсан байна.

-Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа цагдаагийн дүрэмт хувцастай олон цагдаа, цагдаагийн ар гэрийнхэн хүрэлцэн ирсэн. Шүүхээс хэрэгт холбогдогчдыг цагдан хорих шийдвэр гарсны дараа  хэрэв Ганц худаг руу ачвал бослого гаргаж, цагдаа нар ажил хаяна гэх албан бус яриа гарч байсан. Энэ асуудалд ЦЕГ-аас ямар тайлбар өгөх вэ?

-Цагдаагийн байгууллагын тухайн хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх хуралдааныг хэвийн явуулах, шүүгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс чиг үүрэгтэй цагдаа нар ажилласан. Шүүх хуралдааны үйл ажиллагааг тасалдуулахад оролцсон гэх мэдээлэл гарсан. Хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд цагдаагийн 60 гаруй алба хаагч хэв журам сахиулж ажилласан. Цагдаагийн алба хаагч ажил хаяхыг хориглосон хуулийн заалт бий. Цагдаагийн байгууллагын удирдлагын зүгээс шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох  болон  ажил хаях талаар ямар ч шийдвэр гараагүй. Шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс 30, Нийгмийн хэв журам хамгаалах газраас 30 алба хаагч хэв журам сахиулсан.

-Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярыг шүүхээс гарч  явах үед сэтгүүлчид түүнээс тайлбар шаардсан. Энэ байдлыг далимдуулан гадаа жагсч  байсан хүмүүс шүүгчийн биед халдахыг завдаж8 багагүй асуудал үүсгэсэн. Тэр олон цагдаа зүгээр хараад зогсч байсан шүү дээ. Үүнийг хэв журам сахиулсан гэх үү?

-Шүүх хуралдааны дараа шүүгчийн биед халдаж, шийдвэр гаргахад хөндлөнгөөс нөлөөллөө гэх гомдол санал одоогоор ирээгүй байна. Намайг зурагтаар харж байхад манай дүрэмт хувцастай цагдаа замыг нь чөлөөлж байсныг харсан. Мөн ямар нэгэн зохион байгуулалтай арга хэмжээ авсан зүйл байхгүй.

В.Удвал: Магадгүй тийм асуудал гарсан бол холбогдох журмын дагуу шалгана.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж