Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд маргааш 09.30 цагт ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинтэй холбоотой шүүх хурал болох гэж байна. Сэтгүүлч Ж.Минжин нь өнгөрсөн оны есдүгээр сард “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг” сүмийн үйл ажиллагаатай холбоотой асуудал дэвшүүлсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Харин тус сүмийн удирдлагууд түүнийг энэхүү мэдээллээр нь буруутгаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, сүмийн нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр ТВ-8 телевизээс 30.1 сая төгрөг гаргуулахаар шүүхэд хандаад буй билээ. Эл хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болох байсан ч хойшлогдож, ийнхүү хоёр дахь удаагаа зарлагдаад байна.
Г.Дарь