Х.Ирьягийн дуранд буусан 1990 оны түүх

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Х.Ирьягийн дуранд буусан 1990 оны түүх

Монголын үндэсний уран зургийн галерейд өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа.  Цэнхэр туузан дээр цагаан будгаар “Бид мартахгүй”… хэмээн бичиж өлгөжээ. Түүний доор социализмын уриа лоозон барин гундуухан алхах хэсэг хүмүүсийн жижигхэн жаазтай гэрэл зурагтай зэрэгцэн том гэгч нь жаазанд 1990 оны ардчилсан хувьсгалын зураг зурайна. Харин хажууд нь арай бага жаазанд иргэд саналаа өгч байгаа зургийг байрлуулжээ. Энэ ч гүн гүнзгий утгатай гэнэ. Финлянд улсын иргэн Ирья Халаш өөрийн дуранд буулгасан 1990 оны ардчилсан хувьсгалын гэрэл зургуудаа  ийнхүү нэрлэсэн юм. Тэрбээр өнөөдөр Уран зургийн галерейд “Бид мартахгүй” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнгийн  нээлтэнд  сэтгүүлч Х.Ирья, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  Д.Баттулга, УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга, 1990 онд Монголын оюутны холбооны тэргүүн байсан, өдгөө “Бодь групп”-ийн Ерөнхийлөгч М.Зоригт, мөн хуульч Ц.Ганбат нар үзэсгэлэнг нээж, ёслолын туузыг хайчилсан юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Оюун, түүний ах С.Баяр, Иргэний хөдөлгөөний төлөөлөл гэгдэх О.Магнай болон ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан журмын нөхөд, Ирьягийн ойр дотныхон хүрэлцэн ирсэн байлаа. Уригдан  ирсэн  зочдоос  Ирья  танихгүй хүн  бараг байсангүй. Монголоор гайхалтай  цэвэрхэн ярьж, нүүр дүүрэн инээмсэглэх түүнийг ирсэн зочид тэр л 1990 онд энэхүү үйл явдлын гэрч болон гүйж байсан шигээ цог золбоотой сайхан хэвээрээ байгааг нь магтан, цэцгийн баглаанд умбуулсан юм.  Арга ч үгүй биз дээ. Тэрбээр  1990-2006 он хүртэл  Монгол Улсад “Ройтерс” агентлагийн сурвалжлагчаар ажиллаж, ардчиллын он жилүүдийн түүхэн  агшинг  гэрэл  зургийн  хальсанд  төдийгүй  гадаадын олон хэвлэлийн  хуудсанд  үлдээсэн  эрхэм ачтан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ирья Халашийн ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, өчигдөр “Алтан гадас” одонгоор шагнасан нь түүний энгэрт гялалзана. Түүний түүхэн үйл явдлыг  гэрэл зурагт буулган мөнхөлсөн шагнал үүгээр зогссонгүй. УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга түүнд Ардчилсан намын эрхэм  дээд шагнал  “Тусгаар тогнолын  одон”-г  гардуулсан юм. Тэрбээр “Тэр үед монгол дээлтэй, шар үстэй гадаад хүүхэн зургийн апараттай явган яваад байдаг байсан. Өнөөдөр тэр төрх нь хэвээрээ л байна. Бид саяхан уулзаад “Явган яваад л байна уу” гэхэд, “Явган явж байгаа”, “Хаана явж байгаа юм бэ” гэхэд “Тайландад явж байгаа” гэж ярьж байсан. Одоо хүртэл Ирья маань сурч байгаа юм. Дайчин чанартай эмэгтэй. Түүний энэхүү үзэсгэлэн бидэнд цааш цаашдын үеээ ч матраж болохгүй шүү гэсэн сануулга юм болов уу гэж бодож байна” гээд Ардчилсан холбооноос түүнд зориулан зуруулсан түүхэн зургийг бэлэглэлээ. Тэрхүү зурагт ардчилсан хувьсгалын алтан хараацай нарын хамт сэтгүүлч Ирья гэрэл зургийн апараттайгаа багтсан байлаа. Нээрэн л “Загасчны морь усгүй” гэдэг шиг энэ танхимд түүний гэрэл зураг нэгээхэн ч байсангүй. Харин өнөөдөр тэрбээр өөрөө энэхүү түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийнхээ нээлтэд бусдын дуранд хангалттай дүрээ мөнхөлсөн юм. Хүн бүхэн мэргэжлийн, сонирхогчийн камераа бариад Ирьятай хамт зургаа авахуулахаар  тэмүүлж байсан шүү.


Харин түүний тухай УИХ-ын гишүүн С.Оюун “Тухайн үед барууны сэтгүүлчид ховор байсан. “Ройтерс” агентлагийг төлөөлөөд Монголд байнга байдаг ардчилал шинэчлэлийн талаар мэдээ явуулж байсан цорын ганц сэтгүүлч гэж хэлэхэд болно. Тухайн үед ардчиллын энэ үйлсийн талаар дэлхий дахинд мэдээлэл түгээхэд маш их нэмэр болсон гэж би боддог. Хэдийгээр Бээжинд байдаг барууны сэтгүүлчид 1990 онд энэ үйл явдлыг ирж, сурвалжилсан ч яг Монголд байгаад, тэр бүгдийг мэдээд, сурвалжлаад, бичээд, зургийг нь аваад, түүхэнд үлдээсэн байнгын ажиллагаатай сэтгүүлч гэвэл Ирья ганцаара байсан. Тэр үед түүнийг хүн болгон таньдаг байсан. Жагсаал цуглаан болж байхад шар үстэй ганц л сэтгүүлч гүйдэг байсан. Бас “Time” сэтгүүлийн 1990 оны нэгдүгээр сарын сүүлийн дугаарт cover page гээд нүүрэнд нь манай ардчилсан хувьсгал, С.Зориг ахын тухай гарч, тухайн үедээ том сенсаац болж байсан” хэмээн дурсан ярьсан юм. Ирья “Биднийг мартахгүй“ үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнгийн дараа ч “Бид  Ирьяг мартахгүй”…

“Дойче Велле” агентлагийн сэтгүүлч, гэрэл зурагчин Х.Ирьятай уулзлаа.

-“Бид мартахгүй” үзэсгэлэнгийн онцлог. Яагаад ийн нэрлэх болов?

-“Бид мартахгүй” гэсэн лоозонгийн доор гурван зураг тавьсан байгаа. Хамгийн эхний зураг бол социализмын үед нэгэн жагсаал дээр авсан зураг. Хүмүүс гунигтай хэдий ч заавал түүнийг дэмжих ёстой гэсэн утгаар хүчээр жагсч буй дүр зураг. Харин дараагийнх нь ардчилсан хувьсгалын өлсгөлөн зарласан хүмүүсийг дэмжиж байгаа иргэдийн зураг. Сүүлийнх нь 1992 оны зураг. Үндсэн хуультай болж, сонгууль явуулж буй агшин. “Бид мартахгүй” гэж нэрлэсний учир нь социализмын үеийг мартаж болохгүй. Түүнийг яг л энэ жижиг зураг шиг тийм үе байсан шүү хэмээн толгойдоо байлгах хэрэгтэй. Дараагийнх нь зургууд иргэн бүр ирээдүйгээ шийдэж болно гэдгийг илэрхийлж буй. Ямар ч шийдвэрт нөлөө байгаа, бид өнөөдөр шинэ үеийнхэн, тиймээс гацаатай асуудлыг засч, ирээдүй рүү явна. Урагшаа монголчууд аа.. Мориндоо.

-Анхны зургаа хэдэн онд авч байв?

-Хамгийн анхны гэрэл зургийг 1985 онд ажлаар ирээд буцахдаа дарж байсан. Тухайн үед гадаадын хүний нүдээр Монголын нийгмийн амьдралыг гэрэл зургийн хальсанд буулгаж байсан. Би 1987 оноос хойш Монголд амьдарч байна.  Тэгээд тэр үеийн үйл явдлыг харж, мэдрээд байдалтай нь танилцахад 1990 оны үйл явдал өөр харагдаж байсан. Магадгүй тухайн үед Монголд ирсэн гадаадын хүн танихгүй, бүх зүйлийг мэдэхгүй, амаргүй байсан байх. Харин миний хувьд бага сага зүйлсийг гадарладаг болчихсон байсан. Би өөрийн нүдээр олон зүйл харсан. Харамсалтай нь, миний авсан бүх гэрэл зураг энэ танхимд багтахгүй. 1990 онд болсон томоохон үйл явдлыг энд үзүүлсэн байгаа. Энэ үзэсгэлэнд 1990 оны талаар ямар ч мэдээлэлгүй гадаадын хүн ирсэн ч тодорхой ойлголт авах байх гэж бодож байна.

-1990 онд таны гэрэл зургийг хальснаа буусан Монголын нийгмийн амьдралыг одоогийнхтой харьцуулбал?

-Огт өөр болсон шүү дээ. Өнөөдрийн залуучууд мэдэхгүй, энэ тухай сонсоод нэг их онц биш гэж бодож магадгүй. Харин тэр өөрчлөлт хараас цайвар цагаан болсон гэсэнтэй адилхан болж байгаа. Мэдээж хэрэг өнөөдөр ардчилал төгс хэмжээндээ хүрээгүй байж болно. Гацаатай, шүүмжлэх зүйлүүд байж болох ч хамгийн гол нь тэр үеийн социалист нийгмээс салсан үйл явдал маш чухал юм. Харин энэ түүхэн үйл явдлыг мартаж болохгүй. Тэр үед Монголд амьдарч байгаагүй монголчууд түүхтэйгээ танилцах хэрэгтэй.

-Та монгол хэлийг яаж ийм төгс сурав?

-Унгарт монгол хэлний ангид суралцаад, дараа нь Монголд ирээд МУИС-д сурсан.

-Та эдгээр гэрэл зургийг авч байх үедээ монгол хэл мэддэг байсан уу?

-Бага зэрэг мэддэг байсан. Би Унгарт монгол хэл судлалын ангид сурдаг байсан. Ярианы хэл сайн сураагүй, энд ирээд бага багаар сурсан.

-Та өөрийн хүсэл сонирхлоор эдгээр зургийг авсан уу?

-Өөрийн хүслээр л авсан. Тухайн үед би монгол хэл судлалаар мэргэжил  дээшлүүлэхээр гурван жилийн хугацаатай Монголд ирээд байлаа.  Түүнээс биш сэтгүүлчийн ажлаар ирээгүй. Би өөрөө оюутан байхдаа мэргэжлийн сэтгүүлчтэй ажиллаж байсан. Тэр хүнээс сайн сурсан гэх үү дээ. Тухайн үед түүхэн үйл явдал болно гэдэг утгаар нь сонирхож, зураг авч эхэлсэн. Яг тэр үед гадаадын хэвлэлийн байгууллагууд надтай холбоо барьж, “Ройтерс” агентлагтай гэрээ хийн ажиллах болсон юм.

-Хожим нь үзэсгэлэн гаргана гэж бодож байв уу?

-Санаанд  ч ороогүй шүү.

-Яагаад үзэсгэлэн гаргахаар шийдэв?

-Надад их олон материал байгаа. Миний дээр хэлсэнчлэн энэ танхимд тэр бүгд маань багтахгүй. Монголчууд миний авсан зургуудаас бага зэрэг мэдэх хэрэгтэй байх. Хамгийн гол нь түүхэн зураг. Монголд одоогийн байдлаар ийм олон түүхэн зураг тэр бүр байхгүй байна. Нэг хэсэг нь алга болсон байна. Эсвэл олон нийтэд дэлгээгүй хувь хүний гарт байдаг байж магадгүй. Тэгээд мөн олон газрын архив хагас дутуу хоосон байгаа. Тэр ч утгаараа энэ түүхэн зургуудыг дэлгэж харуулах ёстой.

-1990 онд ардчилсан хувьсгал өрнөж, жагсаал цуглаан, өлсгөлөн зарлаж байхад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Би үүнд оролцсон хүмүүсийг үндсэндээ таньдаг байсан. Их сургуулийн багш нараасаа энэ талаар урьдчилан мэдээлэл авсан байсан. Яг тэр үед зураг авахдаа би өөрөө жаахан айдастай байсан. Би чинь гуравдагч орны иргэн, гадаадын оюутан байсан учраас холоос дарж байлаа. Яг энэ өлсгөлөн эхэлсэн үед би ямар нэгэн том юм болно гэж бодож байсан. Гэхдээ чухам юу болохыг хэн ч мэдэхгүй байсан шүү дээ.

-Айдас төрөөд нутаг буцъя гэсэн бодол төрж байв уу?

-Тийм зүйл байгаагүй ээ.

-Та гадаадын өөр оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?

-Үгүй. Гэхдээ гаргах санаа бий. Үзэсгэлэнгээ дэлгэж дуусаад л тэр асуудлаар ярина гэж бодож байгаа.

-Монголд хэчнээн жил амьдарч байгаа вэ?

-1987 оноос хойш 25 жил амьдарч байна.

-Цаашдаа Монголд амьдрах уу, нутгаа зорих уу?

-Нутаг руугаа явахгүй. Миний гэр энд байгаа. Би өнгөрсөн гурван жилийн хугацаанд сургалтад сурч, гадаадад байсан. Ирэх жил дахин суралцахаар явна. Толгойгоо жаахан ажиллуулахын тулд өөр юм үзэх хэрэгтэй.

-Гадаадын өөр оронд 1990 онд Монголд өрнөсөн ардчиллын үйл явц шиг тийм түүхэн үйл явдлын гэрэл зургийг дарж байсан уу?

 -Яг тийм томоохон үйл явдал болоогүй байна шүү дээ. Гэхдээ Банконгт болсон үйл явдлыг би нүдээр харсан. Гэхдээ яг ийм хувьсгал биш. Хуучин системээс шинэ системд орсон өөр хувьсгалыг би хараагүй л байна. Тиймээс би азтай хүн. Хамгийн гол нь өмнө нь энд ямар байсныг би мэдэж байсан. Тэгээд хувьсгалын үйл явц түүний дараа ямар үйл явдал болж буйг өөрийн нүдээр харж байна. Ийм азтай барууны хүн байхгүй байх аа.

-Та түрүүнд хэлсэн. Монголд 1990 оны ардчиллын ийм архив бүхий гэрэл зургийн цомог байхгүй гэж. Цаашид эдгээр зургаа өөртөө хадгалах уу, эсвэл Монголын талд дурсгах уу?

-Мэдээж би зарим зүйлсээ өөрөө хадгалах хүсэлтэй. Гэхдээ ямар нэгэн аргаар монголчуудад архивын материал өгмөөр байна.

-Танд хүсэлт тавиад хандаж болох нь ээ?

-Бололгүй яах вэ.

-Бид мартахгүй” гэрэл зургийн үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн гэрэл зургийн цомогийг ЭНД дарж сонирхоно уу.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж