Эмэгтэй жүдочдын халз барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Эмэгтэй жүдочдын халз барилдаан боллоо

Нэлээд хүчтэй бүрэлдэхүүнтэй Францын шигшээ баг Монголд 10 хоног хамтарсан бэлтгэл хийж дууслаа. Бэлтгэлийнхээ төгсгөлд уламжлал ёсоор нөхөрсөг халз барилдааныг өнөөдөр зохион байгуулав. Энэхүү бэлтгэл нь Хятадын ӨМӨЗО-ы жүдочдод ч мөн том завшаан болсон юм. Тэд бас дэлхийн аваргуудтай хамтарсан бэлтгэл хийж, халз барилдаанд хүч сориод амжлаа. Нөхөрсөг барилдаан эхлэхээс өмнө нь ялагч хэдийнэ тодорсон байв. Үзэгчид Францыг илт давуу ялна гэдэгт 100 хувь итгэлтэй байсан. Гэхдээ манай улсын шилдгүүд болох М.Уранцэцэг, М.Бундмаа, Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд нар халз барилдаанд оролцоогүй. Харин Францын эсрэг дэвжээнд гараагүй юм. Ингээд барилдаан эхлэхэд Монголын шигшээ ӨМӨЗО-ы багтай 4:4-өөр тэнцэж үзэгчдийг төдийгүй жүдогийн дасгалжуулагч нарыг багагүй бухимдуулаад авсан. Олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа, С.Энхзаяа нар барилдааны төгсгөлөө хийж чадалгүй ялагдаж, Т.Баттөгс цэвэр ялалттай тэнцэх торгуулиар торгуульсан нь тэнцэх гол шалтгаан боллоо. Харин Францууд итгэл төгс ялалт байгуулсан. Тэд Хятадыг 6:0-ээр, Монголыг 7:1-ээр илт давуу буулгаж авлаа. Манай багийн нэр төрийн цорын ганц ялалтыг олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа авсан юм. Түүний мэдрэмжтэй бөгөөд азтай гэмээр ялалт нь Монголын багийг хуурай хожигдлоос аварсан. Монголын багт багагүй туршлага үлдээж, барилдааны арга мэхээсээ харамгүй хайрласан Францын жүдочид нөгөөдөр нутаг буцах ажээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж