Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн Цэргийн штаб уламжлал ёсоороо тус аймгаас цэрэгт татагдсан эр цэргүүдээ эргэж, Сэлэнгэ аймгийн хилийн 101 дүгээр ангид зочилжээ. Уг арга хэмжээнд тус штабын офицерууд болон цэргүүдийн гэр бүл, эцэг эхийн төлөөлөл, сэтгүүлчид оролцсон байна. Цэргийн алба хааж байгаа хилчин дайчид тэднийг хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Тус ангийнхан хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэндээ өөрсдийн алба хааж буй ангийн Алдрын танхимаа үзүүлснээс гадна офицер, ахлагч, байцаагч нарын хамтарсан тоглолт үзүүлж сонирхуулжээ. Мөн түүнчлэн Тавт, Бүргэдэй уулын застав, Алтанбулаг дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт, Долоон даваа хилийн харуул зэрэг газруудаар очиж, Орхон аймгаас эр цэргийн алба хааж байгаа дайчидтай уулзан аав, ээжийнх нь захиа, бэлгийг гардуулсан байна. Энэ үеэр аймаг орон нутгийнхаа тухай мэдээлэл авч нэгэн өдрийг гэртээ харьсан мэт сэтгэгдэл дүүрэн өнгөрүүлж чадсан байна.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж