Дунд насныхны Үндсэн хуулийн эрхийг хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Дунд насныхны Үндсэн хуулийн эрхийг хамгаална

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл, Ц.Сэдванчиг нар өчигдөр хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тэд дунд насныхны хөдөлмөр эрхлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалах, бага, дунд орлоготой иргэдийг хямд орон сууцаар хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх агуулга бүхий хуулиудын төслийг өргөн мэдүүлээд байгаа юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд үүнд багтаж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд насаар ялгаварласны улмаас түгээмэл гарах болсон ажилгүйдлийг арилгах талаар тусгажээ. Сүүлийн жилүүдэд ид хийх бүтээх насны, ажлын туршлага жигдэрсэн 35-аас дээш насны эмэгтэй, 40-өөс дээш насны эрчүүдэд ажил олдохгүй байгаа тухай гомдол ихээр гарах болсон. Ажил олгогчид залуу ажиллах хүчин сонгох сонирхолтой байдаг. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслөөр бол 35-55 насны эмэгтэй, 40-60 насны эрэгтэйчүүдийг шинээр  ажилд авсан  байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн 10 хувийг төр хариуцаж, нийгмийн даатгалын санд төлөх юм. Уг зардал 2012 оны улсын төсөвт тусгагдаагүй, мөн удахгүй УИХ-ын сонгууль болох тул хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлж 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Улсын хэмжээгээр 630 гаруй мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг,  сайн дураараа 80 гаруй мянган хүн нийгмийн даатгал төлдөг аж. Нийгмийн даатгалын санд жилдээ 500 гаруй тэрбум төгрөгийн орлого хуримтлагддагаас 260 гаруй тэрбумыг нь ажил олгогчид төлдөг юм байна. Нийт шимтгэл төлөгчдийн 30 орчим хувь нь дунд насныхан тул тэднийг ажилд авсан ажил олгогч нарт зохих дэмжлэг үзүүлэх үүднээс энэ хуулийн төслийг дээрх гишүүд боловсруулсан байна. 

Орон сууцны тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр Засгийн газраас санал авахаар мөн хүргүүлжээ. Засгийн газар сар шинийн босгон дээр бага, дунд орлоготой, анх удаа орон сууцны зээл авах  иргэдэд 20 жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл түүнээс хойш орон сууцны үнэ нэмэгдэж эхэлсэн байна. Орон сууцны тухай хуулийн төсөлд  50-55 м/кв-аас доош талбайтай сууц бүхий нийтийн орон сууцны хороолол барих зориулалттай газрыг төсөв сонгон шалгаруулах замаар шалгаруулж үнэ төлбөргүй олгох талаар тусгажээ. Газрын үнэ өндөр байгаа учраас авсан газрынхаа үнийг орон сууцны өртөгт оруулж борлуулдгаас сууцны үнэ өсөх нэг шалтгаан болсон байна. Төсөлд орон сууцны хорооллын барилгуудын инженерийн шугам сүлжээний төлбөрийг төрөөс хариуцах саналыг бас тусгажээ. Орон сууцны компаниуд инженерийн шугам сүлжээний үнээ нэмдэг нь орон сууцны үнэ хөөрөгдөх өөр нэг шалтгаан болдог байна.

“Орон сууцны үнийг бууруулах төрийн хамгийн оновчтой зохицуулалт бол орлого багатай иргэдэд зориулан орон сууцны хороолол барих тохиолдолд дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх, орон сууцны хороолол барих газрыг төсөл сонгон шалгаруулах замаар үнэ төлбөргүй олгох явдал юм. Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэлийн иргэдийн талаас илүү нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг зөв зохион байгуулах нь нийслэлийн агаарын бохирдлыг  бууруулахад чухал нөлөө үзүүлнэ” гэж төсөл санаачилсан гишүүд тайлбарлаж байгаа юм.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж