Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны Т.Хасбаатар нарын гишүүд 2008 оны долдугаар сарын 01-ний үйл явдалд дүгнэлт хийж, хариулт хүсч буйгаа мэдэгдэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр онц байдал тогтоосныг МАН-ын удирдлага хууль бусаар төрийн эргэлт хийхийг завдсан гэж үзэж байгаа аж. Мөн тухайн үед штабыг ахалж байсан ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил долдугаар сарын 2-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ хариу өгөх цаг болсон гэлээ. АН-ын гишүүд дэмжигчдийн холбооныхон хэвлэлийн хурлын үеэр “Ц.Мөнх-Оргил онц байдлын штабыг зарлигийн дагуу ахалж байхдаа долдугаар сарын 2-нд Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчид, Элчин сайдын яамд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад Монгол Улсын гадаад нэр хүндэд харшилсан мэдэгдэл хийснийг буруушааж байна. ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ГХ-ны сайд асан С.Оюун, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд нар олон бүлэглэл, хувь хүн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар буруу ташаа мэдээлэл хийснийхээ дараа олон улсын хэмжээнд худал мэдээллээ үгүйсгэж, Монгол Улсын нэр хүндийг өсгөх талаар ямар арга хэмжээ авсныг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж үзэж байна” гэж онцлов. Энэ үеэр сэтгүүлчдэд Ц.Мөнх-Оргилын тухайн үед мэдэгдэл хийж байсан бичлэгийг сэтгүүлчдэд үзүүллээ. Тус бичлэгт ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил “Олон газар олон бүлэглэлүүд, хувь хүн хууль бус үйл ажиллагаа явуулах, онц байдал дууссаны дараа томоохон жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа гэх мэдээлэл ирж байна. Тиймээс хууль бус ажиллагааг зогсоохыг анхааруулж байна. Хэрэв ийм хууль бус ажиллагаа гаргавал хууль зөрчсөн хүмүүсийг хуулийн дагуу цээрлүүлнэ” хэмээн ярьжээ. Энэхүү мэдэгдэлд дурдагдсан олон бүлэглэл нь хаана хаана, аль аймаг суманд, хотын аль дүүрэгт ямар бүлэглэлүүд ямар үйл ажиллагаа явуулж байсан талаарх тухайн үед авсан мэдээллээ олон нийтэд ил тод мэдээлэх ёстой гэж хэвлэлийн хуралд оролцогчид хэлсэн юм. Тэд долдугаар сарын 1-ний хэрэг шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэхийг анхааралтай ажиглаж байгаа гэлээ.
С.Отгон