Энэхүү олон улсын бага хурлаар өнөөдөр төвлөрсөн дулаан хангамжийн цогц үзэл баримтлалын хүрээнд эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрүүдийг практикт нэвтрүүлэх, дулааны цахилгаан станцуудын үр ашгийг нэмэгдүүлэх, нарны эрчим хүчний төхөөрөмж хэрэглээний тухай санал солилцож байна. Нарны эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Хотын хөгжил, барилгын салбар болон мэргэжлийн сургалтыг дэмжих хөтөлбөрийн мэргэжилтэн С.Түвшинхүүгээс тодрууллаа.
-Дулааны эрчим хүчийг нарны эрчим хүчээр орлуулах бололцоотой гэж байна. Туршилтыг хэрхэн хийсэн бэ?
-Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нарны эрчим хүчийг дулааны энерги болгон хувиргаж, барилгын халаалт, хэрэглээний халуун усанд ашиглах тухай туршилтыг сүүлийн гурван жил хийлээ. Үндсэндээ нэмэгдэл зардал, байгальд үзүүлэх хор нөлөөгүй гэдгээрээ онцлог. Үүний үр дүнд Монголд хэрэглээний халуун ус, дулаалтын асуудлыг 50-60 хувиар багасгах боломж бийг тогтоолоо. Манай орон Европын бусад орнуудыг бодвол нарны тусгал болоод хугацаа нь урт байдаг. Энэ үүднээс нарны эрчим хүчийг ашиглах нь зүйтэй гэж үзээд байгаа.
-Байгалийн шууд нөлөөтэй, нарны цацрагаас хамаардаг тул өвлийн цагт яах бол?
-Яах ч аргагүй өвлийн цагт хүртээмж муу болдог талтай. Өөрөөр хэлбэл, халаалтын маш өндөр хэрэгцээт өвлийн цагт буурах хандлага байдаг. Тиймээс нарны эрчим хүчийг байрлуулах тухайн барилга, орон сууцны инженерийн шийдлээс ихээхэн хамаарахаас гадна нэмэлт төхөөрөмжийг суурилуулах боломж бий. Тэгэхээр үндсэндээ өвлийн цагт хэрэглээний халуун усны 20-30 хувийг хангаад байх боломжтой гэсэн үг юм.
-Нарны эрчим хүчийг хувиргаж байгаа энэ явцыг тодорхойлбол?
-Нарны эрчим хүчийг дулаанд хувиргах нь нарны коллекторт нарнаас ирж буй дулааныг авч, хувиргаад, түүнийг нөөцлүүрт хадгалаад, хэрэглэдэг юм. Ер нь их энгийн, эрт үед ч хүмүүс иймэрхүү аргаар хувийн халаалтыг шийдэж байсан туршлага ч байдаг.
Ер нь бол ямар хэмжээний хөрөнгө оруулалт, төхөөрөмж байрлуулснаас болон хэр талбайг халаах, хэдий хэмжээний ус хэрэглэхээс шалтгаалан нийлүүлж буй дулааны хувь хэмжээ өсөх юм. Энэ үүднээсээ эцсийн дамжлага буюу хэрэглэгчид ирэх зардал ч буурах юм. Техникийн хувьд 60 хүртэлх хувийн хэрэглээг шийдэх боломжтой гэж үзээд байна.
-Байр, амины орон сууцны алинд нь илүү тохиромжтой бол?
-Ард иргэд өөрсдийнхөө байрныхаа дээвэрт байрлуулаад ашиглачихаж болно. Дулааны төвлөрсөн системд холбогдоогүй амины орон сууц хэрэглэхэд илүү тохиромжтой. Үнийн тухайд, нарны эрчим хүчийг ашиглах энэ төхөөрөмж 3000-4000 еврогийн үнэтэй байна. Цаашдаа нэмэгдэл зардалгүйгээр хэрэглээний халуун устай байна гэдгээрээ үнэтэй биш гээд байгаа. Тухайн барилгаас хамаарахгүйгээр хэрэглээнээс л хамаарна. Ер нь төрийн зүгээс нэгдсэн байдлаар санхүүг дэмжсэн, тодорхой төсөл хөтөлбөрүүдээр хамруулбал илүү сайн. Байгальд хор нөлөөгүй, дулааны асуудлыг шийдэх нэгэн том гарц болж өгөх юм.