2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудыг шүүн таслах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорих захирамжийг өчигдөр гаргасан билээ. Дээрх шийдвэрийг сонссон цагдаагийн дарга нарын цусны даралт ихэсч, улмаар түргэн тусламжийн машинаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Өчигдөр 16.00 цагийн орчим тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарын биеийн байдлыг тодруулахаар өнөөдөр 11.00 цагийн орчим тус эмнэлэгт очиход цагдаа нарын хамгаалалт гарсан, дотогш нэвтрүүлэхгүй байв. Тэднийг хариуцан эмчилж буй эмч нь сэтгүүлчтэй уулзахаас татгалзлаа. Удаа дараа шаардсаны эцэст тус эмнэлгийн сувилагч “Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан өдөрт нэг удаа цагдаагийн дарга нартай уулзаж, эмчээс нь биеийн байдлын талаар тодруулахаар болсон. Тэр хүнээс мэдээлэл ав. Дээрээс ийм шаардлага тавьсан” гэв. Сувилагчийн хэлснээр Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхантай уулзсан боловч “Надад шүүгдэгчидтэй уулзах үүрэг даалгавар өгөөгүй. Тэгэхээр тэдний биеийн байдлын талаар мэдэхгүй” гэх хариулт өгсөн юм.
Цагдаагийн дарга нар болоод тэдний өмгөөлөгчид цагдан хорих захирамжийг хүчингүй болгох талаар Ерөнхий шүүгчид хандаад байгаа. Гэхдээ одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна.
С.Отгон