Шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэв

Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр товлогдсон нэр бүхий цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилж,  улмаар шүүхийн байранд эмх замбараагүй нөхцөл байдал үүсч, шүүхийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах үндсэн зорилготой Монголын шүүгчдийн холбооноос  мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Шүүгдэгч нарын өмгөөлөгч өвчтэй, хурал давхацсан, гадаад явсан зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байгаа нь шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа явдал гэж үзэхээр байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн  шүүх бүрэлдэхүүн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах, эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага зөвхөн биелүүлэх үүрэгтэй” мөн “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг зөвхөн дээд шатны шүүх дүгнэнэ” гэж хуульд тодорхой зааж хуульчилсан байдаг. Түүнчлэн шүүхээс гарсан цагдан хорих шийдвэрийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээр барахгүй шүүхийн танхимд  янз бүрийн сонирхол бүхий этгээдүүд өөрсдийн хууль бус шаардлага, сонирхлоо тулгах, шүүхийн эд хөрөнгийг эвдэх, шүүх хуралдааны танхимд дайрч орох, шүүгчийн эрх чөлөөнд халдах зэрэг хууль бус үйлдлүүд гаргаж байхад Цагдаагийн байгууллага үндсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь шүүхийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн байна.

Иймд шүүх хуралдаан цаашид хэвийн явагдах нөхцөлийг хангах талаар Цагдаагийн байгууллагын удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч, шүүхийн шийдвэр бодитой хэрэгжих, шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах, шүүгчийн аюулгүй байдал, хараат бус байдлыг хангах талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Шүүхэд шударга бус шаардлага тулгаж, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг оролдсон хэнд ч гэсэн төрийн хуулиар зохих хариуцлага хүлээлгэх учиртай. Ямар ч нөхцөлд тангараг өргөсөн шүүгч гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдан нийгэмд шударга ёсыг тогтоох чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллах болно” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж