“Челси” Английн нэр төрийг аварлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

“Челси” Английн нэр төрийг аварлаа

Жереми Линд тохиолдсон үлгэрийн гэмээр амьдрал одоо “Челси”-гийн түр дасгалжуулагч Роберто Ди Маттеод ирээд байна. Урд шөнө болсон тоглолтуудын дараа Аваргуудын лигийн шилдэг найман баг тодорлоо. Өмнөх зургаан багийн тоонд Английн нэг ч багийн нэр багтаагүй байсан нь дэлхийн хамгийн шилдэг лигтэй тус улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байсан юм. Хэрэв Лондонгийн “Челси” клуб Италийн “Наполи”-д хожигдвол шөвгийн дөрөвт үлдсэн багууд дунд Английн нэг ч баг багтаагүй гэсэн хар дурсамж жилийн дараа давтагдах байлаа. Аваргуудын лигийн хасагдах шатанд “Наполи”-тай таарсан “Цэнхэр өмсгөлтнүүд” эхний тоглолтдоо 3:1 харьцаатай хожигдоод байсан учраас дээрх таамаглал биелэх магадлал дэндүү өндөр байсан. “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болсон хоёр багийн хариу тоглолт хэний ч санаанд оромгүй үр дүнгээр өндөрлөж, талбайн эзэн “Челси” 4:1 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд нийлбэр дүнгээр 5:4-өөр хожиж, дараагийн шатанд шалгарлаа. Довтлогч Дидье Дрогба, багийн ахлагч Жон Терри нарын гоол “Челси”-гийн фенүүдийн сэтгэлийг амраасан ч “Наполи”-ийн хагас хамгаалагч Инлер, Петр Чехийн хаалгыг мялааж, “Цэнхрүүд”-ийн сая сая хөгжөөн дэмжигчдийн зүрхийг хатгаад авсан. Хүнд байдалд орсон “Челси” энэ үдэш довтолгооны жинхэнэ сонгодог тоглолт үзүүлж байсны үр дүнд эсрэг багийн торгуулийн шугамаас цохилт гүйцэтгэх эрх олж авсан. Багийн амьд домог болсон Фрэнк Лампард торгуулийн цохилтыг гоол болгож, нийлбэр дүнг 4:4 болгон тэнцүүлсэн. Харин нэмэлт цаг сунган тоглоход Английн нэр төрийг Серби хамгаалагч Бранислав Иванович аварч, Дрогбагийн дамжуулалтаар хожлын гоолыг оруулсан. “Челси”-гийн хамт Испанийн “Реал Мадрид” клуб дараагийн шатанд өрсөлдөх эрхээ урд шөнө олж авчээ. Шөвгийн наймын сугалаа маргааш орой болно. Шилдэг наймд Испанийн хоёр клуб багтсан бол бусад улсыг төлөөлж, нэг нэг багууд л багтсан байна. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж