БНСУ-д хууль бусаар амьдардаг иргэдийг маргаашнаас албадан гаргана

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

БНСУ-д хууль бусаар амьдардаг иргэдийг маргаашнаас албадан гаргана

БНСУ-ын Хууль зүйн яам болон Цагдаагийн газар  хамтран 2010 oны тавдугаар сарын 6-наас буюу маргаашнаас эхлэн тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй иргэдийг албадан гаргахаар болжээ.  
Өнөөдрийн байдлаарх албан бус тоогоор тус улсад 32 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдардаг аж. Өөрөөр хэлбэл, манай улсын нэг аймгийн хэмжээний хүмүүс Өмнөд Солонгост ажиллаж, сурч, амьдарч байна гэсэн үг юм. 2009 оны эцсийн байдлаар БНСУ-д гэрээгээр ажиллаж буй манай гэрээт ажилчдын тоо 14040  байсан ба энэ тоо нь шинээр орж ирж байгаа болон ажлын байраа өөрчилж буй иргэдээс шалтгаалан өөрчлөгддөг байна. Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж байгаа хүний тоогоор Монгол Улс дээгүүр байр эзэлдэг боловч одоогоор энэ талаархи мэдээлэлд манай улс төдийлөн нарийн тоо гаргаж, анхаарал хандуулсан зүйл алга байна. БНСУ-ын албаны газраас тавдугаар сарын 6-наас наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх Өмнөд Солонгост хууль бусаар ажиллаж,амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаах албан ёсны шийдвэрээ ирэх  2010 оны арваннэгдүгээр сард болох  "G20 " буюу Их 20-ийн уулзалт Сөүл хотод болох гэж байгаатай холбоотойгоор, мөн тухайн үеийн  аюулгүй байдал, террористуудын халдлагаас хамгаалах зорилгоор  гаргасан байна.
БНСУ-ын Хууль зүйн яам нь дээрх ажиллагааг явуулах дөрвөн сарын хугацаанд Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд сайн дураараа эх орон руугаа явах бол ямар нэгэн торгууль оногдуулахгүйгүйгээр үл барам, БНСУ-д дахин нэвтрэн орох эрхийг хаахгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Харин хяналтын байгууллагын шалгалтад өртөн, баригдсан тохиолдолд тус улсад дахин ирэх эрхийг таван жилээр хааж, хоёр сая хүртэлх воны торгууль оногдуулахаар болжээ. Гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, компаниуд өөрсдөө сайн дураараа, бичиг баримтгүй хүмүүс ажиллуулж байгаагаа мэдэгдэн, Инчон  дахь нисэх онгоцны буудлын дэргэдэх Гадаад иргэний асуудал эрхлэх газарт аваачиж өгвөл ямаp нэгэн торгууль ногдуулахгүйгээр, цаашид албан ёсны гадаад ажилчин авч ажиллуулах эрхийг нь хаахгүй байх гэнэ. Хэрвээ аж ахуйн нэгж, компаниуд энэхүү шалгалтад өртөн, хууль бусаар гадаадын ажилчин ажиллуулж байсан бол, гадаад ажилчин ажиллуулах эрхийг ньгурван жилээр хааж, 20 сая хүртэлх воны мөнгөн торгууль ногдуулахаар болжээ.
Хамгийн сүүлд 2005 онд БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг албан хүчээр гаргах  ажлыг тус улсын цагдаагийн газар болон  Хууль зүйн яам нь хамтран явуулж, нийт 17 мянга гаруй хүнийг  эх оронд нь буцааж байсан бол энэ удаа 10 гаруй мянган хүнийг эх оронд нь албадан буцаах байх гэсэн урьдчилсан тооцоо гаргаж байгаа ажээ. 

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж