“Оюутолгой” шинэ суурьшлийн бүсэд анхаарлаа хандуулах ёстой

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” шинэ суурьшлийн бүсэд анхаарлаа хандуулах ёстой

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал Камерон Макрейг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Сайд уулзалтынхаа өмнө “Зам тээвэр барилга хот байгуулалтын яам “Оюутолгой” компанитай автозам, төмөр зам, Ханбогд сумын шинэ сууршлийн бүсийн талаар хамтран ажиллана. Асуудлыг энэ хүрээнд ярилцана” хэмээн онцлон хэлсэн юм. Өмнийн говь дахь уул уурхайн хөгжлийг даган төмөрзам, авто зам тавигдах бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ суурьшлын бүс байгуулах ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар батлуулж, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх зэхэж байгаа. Тиймээс танай компани энэ оноос эхлэн шинэ бүтээн байгуулалтын ажилд оролцох ерөнхий төлөвлөгөө төсвөө зохицуулан ажиллах хэрэгтэй гэж сайд Ц.Дашдорж тус компанийн удирдлагад үүрэг болгосон байна.

Мөн шинэ суурьшлийн бүс нутагт бүтээн байгуулалт хүчтэй өрнөж байгаа ч уул уурхай дагасан шинэ хотхон байгуулах, дэд бүтэцийн асуудлыг шийдэх ажил удааширалтай, тэнд ажиллаж байгаа ажилчдын орчин нөхцөл байдлыг сайжруулах тал дээр илүү санаачлага гаргах хэрэгтэйг санууллаа. Ханбогд суманд шинэ суурьшлийн бүс байгуулах ерөнхий төлөвлөгөөг Зам тээвэр барилга хот байгуулалтын яам өнгөрсөн сарын сүүлчээр Оюутолгой компанид хүргүүлсэн бөгөөд ноён Камерон Макрей “Манай компани шинэ суурьшлийн бүсийн асуудалд бид анхаарлаа хандуулж, ажлын хэсэг байгуулаад байгаа. Энэ ажилд зарцуулах төсөв батлагдаагүй байсан. Тиймээс хөрөнгө оруулагчиддаа төсөв батлах санал тавьж, ажлын хэсэг байгуулаад байна. Бид шинэ хотхоны ажилд Засгийн газрын баталсан ерөнхий төлөвлөгөөтэй саналаа уялдуулан хамтарч ажиллахад бэлэн байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Шинээр баригдах төмөрзамын хувьд “Оюутолгой” компани нь сайн түнш байх бодлогыг баримталж байгаа бөгөөд маршрут солигдсоноор ихээхэн цаг хугацаа алдсан автозам, Ханбогдыг Оюутолгойтой холбох авто зам, эрчим хүч татах ажлыг энэ онд шийдвэрлэж дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.   

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж