Оюутнуудыг сургуульд нь хонуулсан ч яадаг юм

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Оюутнуудыг сургуульд нь хонуулсан ч яадаг юм

ХААИС-ийн удирдлагуудад талархмаар байна. Тэд хотын замын түгжрэлийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулах үүднээс  оюутнуудын хичээлийг 10.00 цагаас эхлүүлэ­хээр болжээ. Ингэснээр өдрийн ангийн оюутнууд 10.00-17.40 цаг хүртэл хичээллэнэ. Харин эчнээ, оройн ангийнхний  хичээл 17.40 цагаас эхэлж 21.40 цагт дуусна. Гэтэл ирэх долоо хоногоос мөрдөх энэ журмыг эчнээ, оройн ангийн оюутнууд хүчтэй эсэргүүцэж буй аж. Тэд юунд дургүйцсэн бэ гэхээр 21.40 цаг гэхэд нийтийн тээврийн үйлчилгээ зогсчихдог учраас хүндрэл үүснэ гэж тооцжээ. Тиймээс энэ шийдвэрээ даруй өөрчлөхийг сургуулийнхаа за­хир­гаанаас шаардсан сурагтай. Замын түгжрэлийг арилгахаар тооц­сон багш нарын шийдвэр оюутнуудынхаа сонирхдог зүй­лийг хааж боомилсон хэрэг болж хувирах нь энэ. Үүнийгээ өөрчлөхгүй бол ардчилсан ул­сын оюутнууд болсон хойно жагсаал, цуглаан хийх байх л даа. Одоогийн залуус иймэрхүү юманд тун сурамгай болсон болохоор үүнд гайхах юм алга. Хэн нэгний эдлэх эрх ямбаар бусдын эрх ашиг хязгаарлагддаг гэдгийг тэд шууд нулимж орхи­дог цөс ихтэй. Ялангуяа оюутнууд ийм болчихсон. Ажил эрхэлж байгаа хэсэг нь арай танаг­тай. Оюутнуудын хувьд багш нар хичээлийн кредитийн мөнгө нэхээд байгааг байнга буруутгадаг. “Хүний хөгжлийн сан”-гаас тарааж байгаа 500 мянга сар бүрийн далан мянгыг хугацаанд нь өгөөгүйгээс болж баарнаас зээлсэн өр нь нэмэг­дээд байна гэж агсрах нь хэвийн үзэгдэл. Намар болохоор л автобусаар үнэгүй зорчуулдаг  картаа бариад хэрүүл хийгээд босоод ирнэ. Энэ бүхэн л өнөөдрийн оюутнуудын өмнө тулгарч байгаа хамгийн гол бэрхшээл гээд бүр итгэчихсэн. Үе үеийн эрх баригчид тэднээс “айсандаа” тэтгэврийн хөгш­дөөс дутахааргүй халамжилж ирс­ний үр дүн одоо нэг иймэр­хүү. Ардчилал бол анар­хиас арай өөр зүйл шүү гээд бай­хад л ойлгохгүй. Энэ удаа ч гэсэн тэд орой гэртээ харих унаа­гүй болчихвол яах вэ гэж уурлахаасаа өмнө Энхтайваны гүүр­нээс Зайсан хүртэлх замын түгж­рэл багасах нь гэж баярлах учиртай байв. Үнэндээ тэд л их хотын шөнийн амьдралыг эхлүүлж, бас дуусгадаг шүү дээ. Магадгүй шоуны цагаас нь хумсаллаа гэсэндээ багш, удирд­ла­гуудынхаа гаргасан дээрх шийд­вэрийг эсэргүүцэж бай­гаа байх. Тэртэй тэргүй Яар­маг, Шар хадны эцэст гэр нь бай­даг оюут­нууд ч шөнөжин баард­даг нь худлаа биш. Наад захын баар­ны зөөгчөөс асуухад л ингэж хэл­нэ. Тэгэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн энэ санаачил­гыг бүх сургуульд хэвшүүлсэн ч болохгүй юмгүй. Ингэлээ гээд бааруудын орлого л огцом буурна биз. Бааранд бус, сургуульд нь хонуулсан ч яадаг юм, даварсан оюутнуудыг.   

Н.МӨНХТӨВШИН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж