Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг.
Түүнийг АТГ хэдийнэ шалгаж эхэлжээ. Гэхдээ яг ямар үндэслэлээр гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр бол Архангайн Цэнхэр суманд алт олборлож буй компаниудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж, тэднээс авлига авсан хэмээн Ё.Баатарбилэгийг буруутгаж байгаа бололтой. Мөн төриийн өмчийг хууль бусаар завшсан гэж үзэж байгаа аж.
Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр.
ХХААХҮЯ-аас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрхийг түүнд олгосон байна. Гэтэл Ш.Амгаланбаяр ямар нэгэн тендер зарлахаас татгалзаж, мөнөөх ажлыг “Агсу Алтай” компаниар хийлгэхээр болж, 100 сая төгрөг шилжүүлэн өгчээ. Харин үлдсэн 100 сая төгрөгийг нь хувьдаа завшсан гэх үндэслэлээр Говь-Алтайчууд Засаг даргыгаа шалгуулахаар болсон байна. Ямартай ч Ш.Амгаланбаярыг шалгахаар АТГ-ын хоёр мөрдөн байцаагч Говь-Алтайг зорьсон юм.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх.
Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр Ж.Баянмөнхийг буруутгажээ.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх нарыг АТГ шалгасан гэх мэдээлэл нэг хэсэг гарсан. Тэднийг газрын наймаа хийсэн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хэмээн буруутгаж байжээ.
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав.
Гэрийн бүлийнх нь хүмүүсийн нэр дээр байдаг хоёр орон сууц, хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс хасагдсан барилгуудаа худалдаж олсон мөнгө болон өөрийн эзэмшлийн “Дорнод бөхийн өргөө”-ний ашгийг худал мэдүүлсэн гэх үндэслэлээр АТГ түүнийг шалгаж байна. Ц.Жанлавтай холбоотой мэдээлэл үүгээр дуусахгүй. Газрын наймаа хийсэн гэх мэт олон асуудал түүний хавтаст хэргийг үргэлжлүүлж байгаа бололтой.
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат.
Түүнийг огцруулах асуудал яригдаж эхлэх үед тэрбээр “Олон хүний булхай, луйврыг илчилнэ” гэх агуулгатай зүйл хэлж, нэлээд шуугиан тарьж байв. Гэвч төд удалгүй АТГ-аас Д.Оюунбатыг шалгаж эхэлсэн нь тодорхой болсон юм. Засаг дарга байх хугацаандаа хоёр орчим тэрбум төгрөг төсөвлөж болох байсан цэнгэлдэх хүрээлэн барих төсөлд таван тэрбум төгрөг зарцуулсан. Орхон аймагт зарласан гурван тендерийг шударга бусаар явуулсан. “Бурхан багшийн сэрэг дүр” босгох ажлыг “Тод жаргал” компанид хууль бусаар хариуцуулсан гэх мэт олон зөрчил илэрсэн гэх.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн.
Түүнийг орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавихаа больж, “Баянтээг” төрийн өмчит компанийн захирал, Н.Ганболдтой хамтарч хууль бус үйлдэл хийсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Мөн аймгийн төвийн “А” зэрэглэлийн бүсийн газрыг танил тал харж өгсөн, ашигт малтмал олборлож буй компаниудаас их хэмжээний хөрөнгө барьцаалж авсан гэх үндэслэлээр буруутгасан байна. Мөн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга болон Мэргэжлийн хяналтын газрын даргыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хууль бусаар томилсон хэмээн буруутгажээ. Цаашилбал, Занабазарын сэрэг дүр бүхий хөшөө, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын төсвийг хэтрүүлсэн гэж үзсэн байна.
Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр.
Одоогоос хоёр жилийн өмнө Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийн голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажлыг өөрийн мэдлийн “Мөнхжим” компанид хариуцуулсан хэмээн Э.Цасчихэрийг буруутгасан юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын орон сууц барихдаа анх таван давхар байхаар төлөвлөсөн байсныг дөрвөн давхар болгож, зөрүү мөнгийг нь хувьдаа завшсан гэж үзжээ.
Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа.
Дөргөний усан цахилгаан станцын цахилгааны үнийг 2-3 дахин нэмэгдүүлж ашиг олсон, ашигт малтмалын орд бүхий газрыг хууль бусаар худалдахыг оролдсон, авлига авсан гэх үндэслэлээр Г.Нямдавааг буруутгаж, АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав
Аймгийнхаа 80 жилийн ойг хэтрүүлэн тэмдэглэсэн гэх үндэслэлээр АТГ-т шалгуулж байна. Засгийн газраас тогтоож өгсөн 10 сая төгрөгийн төсвийг хэтрүүлж, нэг тэрбум төгрөгийн зардал гаргаж баяр тэмдэглэсэн хэмээн түүнийг буруутгаж байгаа юм.
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр. Өмнөд Солонгосын “Жэхуан” компанид 320 га газар эзэмших эрх олгож оронд нь 50 мянган ам.долларын авлига авсан гэх хэрэгт түүнийг буруутгасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд.
Эрүүгийн хуулийн 150.3-т заасан үндэслэл буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэргээр АТГ түүнийг шалгаж эхэлжээ. Цас хайлуулах бодис авахаар төсөвлөсөн 300 сая төгрөгийг хувьдаа завшсан хэмээн Ц.Болдыг буруутгасан билээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлстийн дарга Б.Дэлгэрбаярыг түүнтэй хамтарсан байж магадгүй хэмээн мөн л шалгаж эхэлсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан У.Барсболд. АТГ түүнийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн саатуулж, шалгаж эхэлжээ. Тэрбээр сайд байх үедээ Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн уурхайг стратегийн орд газрын жагсаалтаас хасч, нөөцийг нь худал мэдээлсэн. Богдхан уулын дархан цаазат газраас худалдсан гэх мэт хэрэгт У.Барсболдыг буруутган шалгаж байгаа аж. Тухайлбал, тэрбээр сайд байх үедээ Зайсанд 11 газрын зөвшөөрөл олгосон байна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин