Сонгинохайрханчууд Японоос ”залхсан” болов уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханчууд Японоос ”залхсан” болов уу?

Сонгинохайрханчууд бол нийслэ­лийн
хамгийн өнөр өтгөн айл. Нэр дэвшигчдийн, бас намуудын өрсөлдөөний гол
талбар гэхэд болно. Ялангуяа хөдөөнөөс хот руу нүүж ирсэн хүмүүсийн
урсгалаас хамаарч 2000 оноос хойш хил хязгаар нь тэлж, хүн ам нь улам
бүр өсөж буй.

Өнгөрсөн
2008 оны парламентын сонгуулиар л гэхэд “хамгийн том” гэсэн ангиллаас
буугаагүй. Нийслэлд, дөрвөн мандаттай гурван тойрог байсны нэг нь тус
дүүрэг байлаа. Холимог тогтолцоогоор явуулах энэ жилийн сонгуулиар
Сонгинохайрхан дүүрэгт хуваарилсан мандатын тоо бусад тойргийн жишгээр
цөөрсөн ч гэлээ олон мандаттай хоёр тойргийн нэг болсон. Монгол Улсыг
томсгосон 26 тойрогт хувааж иргэдээс санал авсны хамгийн сүүлийн буюу 26
дугаар тойрог нь сонгинохайрханчуудынх байв. Энэ удаа ч хэвээрээ.
Гэхдээ гурван мандаттай. Чамлахааргүй хувь. Баянголчууд гэхэд л өнгөрсөн
УИХ-ын сонгуулиар энэ тойрогтой адил дөрвөн мандаттай байсныхаа хоёрыг
нь энэ удаа хасуулсан гээд бодохоор чанга атгахаас аргагүй. Гэхдээ л нэг
мандатаа хөдөө орон нутгийнханд “алдсан”. Энэ тойрогт 2008 онд нэр
дэвшиж ялалт байгуулсан хүмүүсийн хувьд АН-ынхан /Н.Алтанхуяг, Кёкүшюзан
Д.Батбаяр/ хоёр, Ардын нам буюу тухайн үеийн МАХН /Д.Тэр­бишдагва/ нэг,
Иргэний зориг нам /С.Оюун/ нэг суудал авсан юм. Ардын намынхан үүний
өмнөх буюу 2004 оны сонгуулиар дөрвөн мандатаас хоёрыг нь өөрийн болгож
байсантай харьцуулахад сэтгэл дундуурхан үр дүн юм. Харин АН-ын хувьд
бол 2004 онд сонгинохайрханчуудаас нэг ч суудал авч чадаагүйгээ бодоход
энэ сонгуулиар хоёр мандат өвөртөлсөн нь чамгүй дэвшил байв. ИЗН-ын нэр
дэвшигчийн тухайд гэвэл авдагаа л авсан. Гэхдээ тус намын дарга С.Оюун,
Ардын намын гишүүн Д.Тэрбишдагва нарыг тус дүүргийнхэн хоёр дахиа
сонгосон нь энэ юм. Одоогийн байдлаар энэ тойргоос хоёр дахиа
парламентад сонгогдсон гишүүн тэднээс өөр байхгүй. Мөн
сонгинохайрханчуудад  туршла­гатай парламентч Ц.Шарав­дорж, ардчиллын
анхны 13-ын нэг Дарь.Сүхбаатар, Хууль зүйн сайд асан Л.Цог,
”Бишрэлт”-ийн Б.Ундармаа нар өнгөрсөн сонгуулиар хадаг бариад ирэхэд нь
“нүүр өгөөгүй” юм. Бас 1992 оноос хойш болсон парламентын  аль ч
сонгуулиар бие даагчдад итгэж байсан удаагүй. Үүнээс өмнөх сонгуулиудаар
гэвэл Ерөнхий сайд агсан П.Жасрай, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ
дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан,
ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нар энэ дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байсан
түүхтэй. Энэ тойргоос 2008 онд хамгийн олон санал авч “аваргалсан”, 
АН-аас нэр дэвшигч сумочийн хувьд сонгуульд амлалт гээч зүйл ямар чухал
болохыг харуулсан гэхэд болно. “Япон руу явуулж ажил хийлгэнэ” гэсэн
сурталчилгаа нь тойргийнхоо сонгогчдын загат­на­сан газар маажих шиг
болж, хэн ч үнэмшихээр акци бай­сан. Гэр хорооллынхон зон­хилдог
сонгинохайрханчууд юу хүсдэг, тэдний өмнө нь хөндөлсдөг гол бэрхшээл
чухам юу байдаг нь ч энэ амлалтаас тодорхой  харагдсан гэхэд болно. Гол
нь биелсэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Харин Сонгинохайрханчууд Японоос
“залх­сан” эсэхийг удахгүй бид мэдэж авна.

Энэ
удаагийн парламентын сон­гуу­лийг орон нутгийн хурлынх­тай хамт явуулах
эсэхээс шууд хамаар­сан ойлгомжгүй олон зүйл байна. Сонгинохайрханчууд ч
бас ийм эргэлзээн дунд, мандатын тоо нь гурав болж цөөрсөн гэдгээс өөр
мэдээлэлгүй сууна. Намууд ч Сонгуу­лийн тухай шинэ хуулиас “айгаад” нэр
дэвшигчдээ цаасан дээр жагсаалгүй, хүлээз­нэсхийгээд нам гүмхэн байна.
Гэхдээ 26 дугаар тойрогт нэр дэвших хүмүү­сийн нэрс эхнээсээ албан бус
байд­лаар тодорч эхэлжээ. Ардчилсан на­мын хувьд гурван мандатынхаа
нэ­гийг Н.Алтанхуяг даргатайгаа “булаацалдахгүй” бөгөөд энд нь улираан
нэр дэвшүүлэх нь бараг тодорхой аж. Өөрөө ч хамтарсан Засгийн газрын 
Тэргүүн шадар сайд байхдаа Баянхошуу, Толгойт руу байн байн “гүйж”,
намынхандаа төдийгүй тойргийнхондоо санаагаа эртнээс ойлгуулсан гэхэд
болно. Кёкүшюзан Д.Батбаярын хувьд Ховд аймагт нэр дэвшиж магадгүй гэсэн
таамаглал байгаа ч өөрөө саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нам нэр
дэвшүүлэх боломж олговол “Дассан газрын даавуу зөөлөн” гэсэн сонголт
хийнэ дээ” гэсэн байсан. Тэгэхээр тэр Сонгинохайрханд дахин зодоглох
магадлалтай хүмүүсийн нэг. Мөн өнгөрсөн 2008 оны сонгуулиар тус тойрогт
нэр дэвшиж байсан, одоо Ерөн­хийлөгчийн хот, хөдөөгийн хөгж­лийн
бодлогын зөвлөхөөр ажил­лаж буй  Л.Эрхэмбаярын нэр 26 дугаар тойрогт
АН-аас нэр дэвшихээр горилогчид дунд яригдаж буй. Иргэний хөдөлгөөний
намаас тухайн үед энэ тойрогт нэр дэвшиж байсан О.Магнай ч энэ удаа
АН-аас нэр дэвших эрх авахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тус намын хувьд
жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй нэр дэвшигчдэд
Сонгинохайрхан дүүргийн нэг мандатыг автоматаар өгөх тухай ч яригдаж
байгаа юм билээ.  Харин Тусгаар тогтнолын ордон хавиар хөшиг хаалттай
байна. Тус намын одоогийн “депутат” Д.Тэрбишдагвын хувьд байдал хаашаа ч
эргэж мэдэ­хээр байгаа. Учир нь тэрбээр сүүлийн үед нам дотроо “ам
задгай”  нөхдийн нэг гэгдэж байгаа  бөгөөд “Дутагдлын хажуугаар дуугүй
өнгөрч болохгүй” гэсэн зарчим баримтлах болсон. Үүнд мэдээж удирдлагууд
нь яаж дуртай байх билээ. Тиймээс түүнийг энд нэр дэвшүүлэх эсэх нь
ихээхэн эргэлзээтэй аж. Эрх өгсөн ч өндөр босго тавьж, ам өчгийг нь авах
болов уу. “ТБД”-ийн хувьд өөрөө бол Сонгинохайрханд яаж ийгээд
намаасаа, бүр болохгүй бол Н.Энхбаярыг дагаад ч болсон заавал нэрээ
дэвшүүлэх байх  гэсэн таамаг бий. Өөр нэг нэр дэвшигч нь БСШУ-ны дэд
сайд болоод удаагүй байгаа “Бишрэлт”-ийн Б.Ундармаа юм. Түүний хувьд
эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг утгаараа, бас урьд нь нэрээ дэвшүүлж
байсан зэрэг шалгуурыг давсан байх. Үүнээс гадна залуучуудыг сонгуульд
хүчтэй “балиашиглах” гэрээг намын даргатайгаа хийсэн НАМЗХ-ны залууст ч
Сонгинохайрханы нэг мандатыг өгч магадгүй юм. Харин бусад намын тухайд
ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар энд
дахин нэр дэвших биз ээ.

Н.МӨНХТӨВШИН

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж