
“Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд Оюутолгойн зэсийг 2013 оны эхний хагаст худалдаанд гаргана гэж мэдэгдсэн билээ. Гэвч Оюутолгой шиг асар их нөөцтэй ордыг ашиглахад эрсдэлгүй байх боломжгүй гэдэгт шинжээчид санал нэгтэй байгаа юм. Монгол улс байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнууд дундаас үндсэрхэг үзэл газар авсан улс гэж хөрөнгө оруулагчид тодорхойлжээ. Дэлхийн уул уурхайн 30 гаруй томоохон компанийн дунд явуулсан “Ernst & Young Mining and Metals Survey” судалгаа үндсэрхэг үзлийг уул уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том эрсдэл гэдгийг харуулсан байна. 2011 онд хорь гаруй улс үндэстэн уул уурхайн ашиг орлогоо нэмэгдүүлж, зарим нь байгалийн баялгаа улсын өмч болохыг мэдэгджээ. “Айвенхоу Майнз” компани Өмнөговьд бүр 2000 онд анхны өрөмдлөгийг хийж, Оюутолгой төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээг 2003 оноос эхэлсэн юм. 2006 онд Монголын Засгийн газар зэсийн худалдаанд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ноогдуулж, Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшихээр болсон билээ. Энэ шийдвэр нь Засгийн газарт улс төрийн бусад бүлэглэлүүдийн зүгээс ямар дарамт шахалт очиж байсныг харуулдаг. Гэвч дэлхийд өөр хаана ч байхгүй гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг 2009 онд хүчингүй болгосон юм. 2008 онд хоосон амлагч улс төрчид төрийн эрхэнд гарсны дараа Оюутолгойн төслийг Тавантолгойн ордтой адилхан хувь тавилан хүлээж байна гэх түгшүүр бий болсон юм. Тус ордыг олон тэрбум валютын хөрөнгө оруулалттай хувийн компани “Energy Resources” эзэмшиж байсан билээ. Харин одоо тус ордыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын хөрөнгийн зах зээлд гурван тэрбум ам.долларын IPO босгохоор ажиллаж байгаа. Тавантолгойн хувьцааг Лондон, Хонконг, Монголын Хөрөнгийн биржид арилжаалж эхлэх үед Монголын иргэн бүр нийт хувьцааны арван хувийг эзэмших эрхтэй болох билээ. Монголын ДНБ өссөн үзүүлэлт гарсан ч өнгөрсөн онд ядуурал 40 хувьд хүрсэн юм. Парламентын сонгууль дөхөж байгаатай зэрэгцэн байгалийн асар их нөөц баялгийг хэрхэн зөв ашиглах, зарцуулах асуудал улс төрийн том сорилт болж байгаа аж. Харин хөрөнгө оруулагчид ирэх зургадугаар сард болох парламентын сонгууль хаашаа эргэхийг хүлээж сууна…