Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас таван хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагт эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлын товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан билээ. Ингэхдээ өчигдөр үдээс хойш шүүх бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг шүүх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих захирамж гаргасан билээ. Үүний дараа хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын биеийн байдал муудсан тул Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн юм. Тус эмнэлэгт цагдаагийн удирдлагуудыг очсоноос хойш эргэн тойронд нь цагдаа нарын хамгаалалт гарсан бөгөөд одоо ч 5-6 цагдаа эмнэлгийн үүдийг хамгаалсан хэвээр байгаа тул хэвлэл, мэдээллийнхэн мэдээлэл авах боломжгүй байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар шүүгдэгчдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэх хариулт өгч байна.
Харин шүүгдэгчдийн ар гэрийнхэн цагдан хорих тухай шүүх бүрэлдэхүүний гаргасан захирамжийг хүчингүй болгох шаардлага хүргүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна яг одоо цуглаж байна. Тэд энэ тухай шаардлагаа тус дүүргийн Ерөнхий шүүгчид хүргүүлэх гэнэ.
С.Отгон