Мьянмарын сонгуульд Аун Сан Сүү Күй ялах нь эргэлзээтэй

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Мьянмарын сонгуульд Аун Сан Сүү Күй ялах нь эргэлзээтэй

Ва Ти Ка бол Мьянмарын жирийн нэгэн тосгон. Энд цахилгаан, эрчим хүч байхгүй. Цэвэр усны шугам татаагүй. Ва Ти Ка тосгоныхны хэн нь ч зөөврийн компьютер хэрэглэдэггүй, “Фэйсбүүк” ашиг­ладаггүй. Тосгоны зарим хүн хялбархан эмчилж болох өвчин тусчихаад хамгийн ойрын эмнэлэг рүү явах замдаа нас эцэслэдэг. Яагаад гэвэл, эмнэлэг нь тосгоноос хэтэрхий хол байрладаг учраас тэр. Нийт 600 орчим сая хүн амтай Мьянмар улсад иймэрхүү хот, тосгод маш олон бий. Хятад, Энэтхэг хэмээх асар том зах зээл бүхий хоёр гүрний дунд оршдог ч тус улсын эдийн засаг цаашид сэргэх эсэх нь тодорхойгүй болсон. Гэвч энэ улсыг хөгжүүлнэ гэдгээ Аун Сан Сүү Күй амлаж байна. Тэрбээр эдийн засгийн шинэчлэл хийж, шинэ ажлын байр олноор бий болгон эрүүл мэнд, боловсролын тогтолцоог өөрчлөх гэнэ. Бас Мьянмарын 135 орчим үндэстэн ястныг нэгтгэх зэргээр иргэдэд тулгарч буй олон бэрхшээлийг шийдвэрлэж өгөхөө амласнаар Аун Сан Сүү Күйн сонгуулийн кампанит ажил эхэлсэн юм. Гэхдээ Мьянмарын парламентын нөхөн сонгуульд нэр дэвшиж буй түүнийг ялах эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Хэдийгээр ардчиллын бэлгэ тэмдэг болсон энэ бүсгүй нэр хүндтэй боловч түүний нам нөхөн сонгуульд ялалт байгуулж чадахуйц олон санал авахгүй бололтой. Мьянмарын эрх баригч намын зүгээс эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, сонгогчдын саналд нөлөөлж байгаа аж. Гэхдээ тус улсад өмнө нь болсон сонгуулиудтай харьцуулахад энэ удаагийнх харьцангуй ардчилсан зарчмаар явагдана гэдгийг шин­жээчид хүлээн зөвшөөрч байна.

Мьянмарын парламентын нө­хөн сонгууль ирэх сарын 1-нд болно. Өмнө нь 2010 онд тус улсад парламентын сонгууль болж байв. Тэр үед санал хураалт жинхэнэ утгаараа ардчилсан зарчмаар боллоо хэмээн Мьянмарын эрх ба­ригчид дүгнэсэн ч олон улсын шинжээчид, ажиглагчид булхай луйвраар дүүрэн сонгууль болсныг онцолсон юм. Эцэст нь маргаантай байсан 48 суудлын төлөө дахин сонгууль явуулахаар болсон билээ. Энэ удаад гадны орнуудын шинжээчдийг ажиглагчаар оролцуулах эсэх нь нэлээд эргэлзээ төрүүлж байсан ч Мьянмарын эрх баригчид үүнийг зөвшөөрчээ. Өмнөх сон­гуу­лиудад тэд гадны ажиглагчдад санал хураалтын явцыг ажиглахыг зөв­шөөрдөггүй байв.

Мьянмарын нөхөн сонгуульд Эв санааны нэгдэл, хөгжил нам, Ардчиллын төлөөх үндэсний хол­боо нам, Үндэсний нэгдсэн нам, Үндэсний ардчилсан хүчин, Ард­чиллын төлөөх Шан үндэстний холбоо намын лидерүүд нэр дэвшиж бай­гаа юм. Тус улсын одоогийн пар­ламентад Эв санааны нэгдэл, хөгжил нам олонхийн суудлыг эзэлчихээд байгаа. Мьянмарын Ерөнхийлөгч Тэйн Сейн тэргүүлдэг энэхүү нам ерөнхийдөө засгийн эрхийг барьдаг гэсэн үг. Үндэсний нэгдсэн намын хувьд Мьянмарт цэргийн дэглэм тогтоож байсан ба 1990 оны сонгуулийн дараа хүчээр засгийн эрхэнд гарч байсан түүхтэй. Тус нам одоо ч нэр хүндтэй хэвээр байгаа аж. Харин барууны хэвлэлүүд “Мьянмарт анх удаа ардчилсан сонгууль болох гэж байна” хэмээн дүгнэж, шуугиж байгаагийн жинхэнэ шалтгаан бол Ардчиллын төлөөх үндэсний холбоо намын тэргүүн Аун Сан Сүү Күй юм. Түүнийг гэрийн хорионоос суллаж, намыг нь сонгуульд өрсөлдөхийн зөвшөөрсөн нь чухамдаа Мьянмарын эрх ба­ригчид барууны орнуудын дур­гүйц­лээс болгоомжилсондоо хийж буй үйлдэл гэх нь ч бий.

Аун Сан Сүү Күй бол Мьянмарын тусгаар тогтнолыг тунхаглаж байсан цэргийн жанжин Аун Сан Сүүгийн охин. Бирм улс Их Британийн колоничлолд 1886 онд орсон бөгөөд түүнээс хойш олон жил тэмцсэний үр дүнд дэлхийн хоёрдугаар дайны үед Аун Сан Сүү жанжны удирдлага доор, япончуудын тусламжтайгаар тусгаар тогтнолоо зарлаж байв. Гэвч тэрбээр улс төрийн аллагын золиос болж амиа алдах үед Бирм улс дахин Их Британийн колоничлолд орох асуудал сөхөгдсөн юм. Эцэст нь 1962 онд Бирмийн Нэ Вин жанжин төрийн эргэлт хийж, засгийн эрхэнд гарснаар тус улсад цэргийн дэглэм тогтжээ. ЗХУ задарч байх үед буюу 1988 онд Бирмд мөн л ардчилсан хөдөлгөөн өрнөж, Нэ Виний засаг унаж, төрийн эрхэнд гарсан Со Маунгийн талынхан бүх нийтийн сонгууль явуулахаа амлаж байв. Гэвч энэ нь бүтэлтэй болоогүйн дээр тухайн үед ардчиллын төлөөх хөдөлгөөнд идэвхтэй оролцож, сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан Аун Сан Сүү Күйг гэрийн хорионд оруулсан юм. Энэ үед Бирмийн эрх баригчид улсынхаа нэрийг Мьянмар болгон өөрчилсөн билээ. Тэр цагаас хойш Мьянмар улсын шинэ түүхтэй зэрэгцээд ардчиллын бэлгэ тэмдэг болсон Аун Сан Сүү Күйн намтар бичигдэж эхэлсэн юм.

Мьянмарын ардчиллын бэлгэ тэмдэг уг нь баруунд нам гүмхэн амьдарч байв. Оксфордын их сургуулийг дүүргэсний дараа англи хүнтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Түүхчид эцэг нь Английн колоничлолын эсрэг тэмцэж яваад амиа алдсаныг охин нь Англид амьдарч байгаад хэрхэн Мьянмарт ирж, цэргийн дэглэмийн эсрэг тэмцсэнтэй уялдуулахыг оролд­дог. Аун Сан Сүү Күй 1989 онд Мьянмарт ирэх хүртлээ Англид амьдарч байжээ. Харин дараа нь ардчилсан хувьсгал хийхээр тэмцэж эхэлжээ. Аун Сан Сүү Күйн Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам нь 1990 оны парламентын сонгуулиар ялалт байгуулж, нийт сонгогчийн 59 хувийн саналыг авч байв. Гэвч түүний ялалтыг Мьянмарын эрх баригчид хүлээн зөвшөөрсөнгүй, оронд нь өөрийг нь хорьжээ. Гэрийн хорионд орсноос хойш 21 жилийн дараа 2010 оны арваннэгдүгээр сарын 13-нд Аун Сан Сүү Күй суллагдсан юм. Түүнд 1991 онд Нобелийн энх тайвны шагналыг олгосон билээ. Аун Сан Сүү Күйг эх орондоо байх үед нөхөр нь хорт хавдраар нас барсан. Мөн түүний хоёр хүүхэд одоо болтол ээжтэйгээ уулзаж чадахгүй явна. Улс төрийн хоригдол болж өнгөрүүлсэн 21 жил гэдэг уртаас урт он жилүүд. Жирийн эмэгтэй хүн бол үр хүүхдээ насанд хүрч, амьдралд хэрхэн хөл тавихыг нь харж суух хугацаа. Гэвч Аун Сан Сүү Күй Мьянмар улсыг ардчилсан нийгэмд хэрхэн хөл тавихыг харахыг илүү их хүссэн учир улс төрийн тэмцлээ одоо ч үргэлжлүүлсээр байна.

Харамсалтай нь өдгөө 67 настай Аун Сан Сүү Күйн эрүүл мэндийн байдал тийм ч сайнгүй болжээ. Тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэр Мандалид иргэдтэй уулзаж ярилцаж байхдаа ухаан алдаж, бие нь муудсан аж. Ардчиллын төлөөх үндэсний хол­боо нам ирэх сарын 1-нд болох сонгуульд амжилт үзүүлж гэмээнэ Аун Сан Сүү Күй жинхэнэ утгаараа улс төрийн эрх мэдэлтэй болно. Цаашилбал, 2015 оны парламентын сонгуульд амжилт үзүүлэх эсэх нь тодорхой болох юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж