Цагаан сарын өмнө нөөцийн махыг зах, дэлгүүрүүдэд гулуузаар нь худалдаалсан. Тэгэхдээ нэг хүнд нэг л гулууз мах өгнө. Харин овсгоотой, бүлтэй, хэтэвч зузаантай айлууд нь нэлээд хэдэн гулуузыг авч амжжээ. Бас махны ченжүүд ч дутсангүй бололтой. Ингэхдээ бүр таньдаг хүмүүсээ нэг гулууз мах авахад таван мянган төгрөгөөр хөлсөлж дугаарлуулсан гэдгийг “Хүчит шонхор” худалдааны төвийн махны ченжүүдэд тусладаг залуус хэлэв. Өчигдөр тус худалдааны төвийг зорилоо. Хашааных нь үүдээр ортол кузов дүүрэн махтай ачааны машинуудыг эгнүүлэн зогсоож, ченжүүд “Мах төдөн төгрөг, тэр аймгийнх” хэмээн орилолдоцгооно. Бас өмнөх хэсгээр нь “Хүчит шонхор” худалдааны төвийн тусгай континертэй ченжүүд “Хонины махыг гулуузаар нь хямд зарж байна” гэх нь сонсдов. Очтол нэг килограмм нь 5600 төгрөг гэж байх юм. Энэ үнэ хонины мах зарж байгаа бусад газрын үнээс даруй 1400 төгрөгөөр хямд. Сонирхоод нэг гулуузыг өргөж үзтэл нэлээд хөнгөн байх аж. Бас гадна өнгөн хэсэг нь хялгас ихтэй, хир тогтсон жихүүдэс хүрмээр. Худалдагчид нь барьсан махаа жинлээд өгөөч гээд өгтөл мань эр худалдан авагч хажууд нь байсаар байтал хэнэг ч үгүй гулуузын нэг хөлийг нь газарт тавьж байгаад жин дээр тавьлаа. Тэгснээ 81600 төгрөг болж байна гэв. Үнэ нь боломжийн ч гэсэн бид эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах хоолойгоороо давуулж байна гэж бодохоор нэг тиймэрхүү. Мэргэжлийн хяналтынхан шалгаж байна, байнга хяналт тавьж байгаа гэдэг ч үнэндээ хийж буй ажил нь тэр л юмсанж. Энэ худалдааны төвд махны тусгай хяналтын хэсэг ажиллаж, байнга дээж авч, шинжилдэг гээд байгаа.
Энэ үеэр “Хүчит шонхор” худалдааны төвийн махны хяналтын мэргэжилтэн н.Аюурзанаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та нар хяналт шалгалтаа байнга хийдэг үү?
-Тийм ээ. Манай захад мах худалдаалагчид бүгдээрээ зориулалтын хувцастай, байнга дээж авч шалгалт хийдэг болохоор эрүүл ахуйн баталгаа гайгүй гэж боддог.
-Зарим контейнероор ороход махны гадна тал нь нэлээд бохир харагдаж байна лээ. Эндхийн мах бүгд тийм юм уу. Ийм махыг шаардлага хангасан гэж үзэх үү?
-Тийм мах тээвэрлэлт, зөөврийн явцад жаахан хиртсэн байх. Уг нь эндхийн худалдаачид зориулалтын хувцсаа байнга угаалгаж байдаг. Махны гадна тал нь тийм харагдаж байгаа ч доторх нь хэрэглэх шаардлага хангасан.
Тэрбээр ийн хариулав. Хэрэглээний үнийн индекс буюу инфляцийг тодорхойлдог Үндэсний статистикийн газраас таван жил тутамд голлох бүтээгдэхүүний сагсийг сольдог. Гэтэл энэ сагсан дотор байнга нэр нь байдаг бүтээгдэхүүн бол мах. Тэд долоо хоног, сараар инфляцид хамгийн их нөлөөлсөн хүнсний барааны нэрсийг гаргахад өнөөх мах дээгүүрт жагсдаг. Тэгвэл махны хэрэглээгээ яаж багасгаж, инфляцийг яаж хөөрөгдөхгүй байх вэ. Мэдээж хэрэг мах худалдаж авахаа багасгая гэсэн хариулт олдож ма¬гадгүй. Гэвч монголчууд эрт цагаас нааш махыг гол хүнсээ болгож ирсэн ард түмэн болохоор махнаас шууд гарах, худалдан авалтаа багасгахад тийм ч амаргүй байна. Харин мэргэжилтнүүдийн хэлж буйгаар махыг орлуулах бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэнэ. Жишээлбэл, буурцаг байна. Энэ бүтээгдэхүүний үнэ нь махны үнээс гурав дахин хямд.Үүнийг долоо хоногт ядаж хоёр удаа оройн хоолондоо хэрэглэвэл биед ч, эдийн засагт ч тустай аж. Энэ мэтчилэн махны хэрэглээгээ багасгавал махыг эрэлт багасч үнэ буурна.
Нөөцийн мах болон зарим асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын Мал эмнэлэг, хүнсний аюул¬гүй байдлын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг “Одоогийн байдлаар нөөцийн махнаас 5000 тонныг борлуулаад байна. Тустай хөргөгчинд хадгалж байгаа болохоор махны чанарт нэг их өөрчлөлт орохгүй байх. 12 мянган тонн мах бол нийслэлчүүдийн хэрэгцээний хаана нь ч хүрэхгүй. Одоо долоодугаар сар хүртэл нэмж дахин 15 мянган тонн мах бэлтгэх төлөвлөгөө гаргасан. Түрүүчийг нь аймгуудаас тээвэрлээд ирж байна” гэсэн юм. Түүнчлэн нийслэлчүүд одоогоос хоёр, гурван жилийн өмнө хоногт 120-130 тонн мах байсан бол одоо 200-300 тонн мах хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ сараас эхэлж нөөцийн махны үнэ нэмэгдэнэ гэж байгаа. Түүний хэлснээр “Мах бэлтгэхээр шалгарсан компаниудад үнийн асуудал зөрүүтэй байгаа учраас худалдаалахыг хэсэг хугацаанд зогсоогоод байна” хэмээсэн. Зарим хэвлэлээр “Нөөцийн махны үнэ 200-275 төгрөгөөр нэмэхээр боллоо” гэсэн нь мэдээлэл ташаа гэнэ. Харин “Нөөцийн махыг гулуузаар нь зарж байхад ченжүүд авсан эсэхийг мэдэх боломжгүй. Мөн компаниуд илүү мах нөөцөлснийг үгүйсгэх аргагүй. Шалгалт дууссаны дараа яаж ч болно шүү дээ” гэлээ. Түүнчлэн “Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарцуулан байж мах нөөцлөх нь буруу юм, цаашдаа нөөцийн махнаас татгалзах хэрэгтэй” гэх саналыг ч зарим мэргэжилтэн хэлж байна.
"Улс төрийн тойм" сонин