Сонгуулийг 100 хувь мажоритариар явуулах уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Сонгуулийг 100 хувь мажоритариар явуулах уу?

Үндсэн хуулийн Цэцэд зарим иргэн хандаж, гомдол гаргасан нь улс төрийн хүрээнд өрнөж байсан таамаглалуудын эрчийг сулруулж орхилоо. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй эрхмүүд ч эргэлзэж, тээнэгэлзэж эхэлсэн сурагтай. Ийнхүү эргэлзэхэд хүргэсэн зүйл нь “УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандат дээр нэр дэвшигчид мажоритариар өрсөлдөж ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авбал пропорциональ хэсэг рүү гулсч сонгогдсонд тооцогдож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байна” гэсэн нэр бүхий иргэдийн гомдлыг Үндсэн хуулийн Цэц хүлээж авах уу, үгүй юү гэдэг юм. Тойрог хуваарилах тохиролцоогоо өөр хоорондоо хийж суусан эрхмүүд одоо бол “Үндсэн хуулийг манаж байгаа хүмүүсийн гаргах шийдвэрийг харж байна” гэлцэж байна.

УИХ-ын гишүүдийн хувьд “Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн тухай хуулийн 48-аас 28-руу гулсах тухай заалтыг түдгэлзүүлэх нь тодорхой” хэмээн шивнэлдээд амжсан байна лээ. Гишүүдийн олонхи нь үүнд итгэлтэй байгаа аж. Тиймээс ч “Мажоритари 48-д нэр дэвшээд ялагдсан ч 28 руу гулсаад УИХ-ын гишүүн болох магадлал өндөр” хэмээн битүүхэн тэмцэлдэж байснаа болиод “Хэрвээ Цэц түдгэлзүүлчихвэл пропорциональ 28-ийн эхэнд жагсах нь эрсдэл багатай” хэмээн тооцоолж байгаа ажээ. Хэрвээ Цэц энэ заалтыг түдгэлзүүлчихвэл намынхаа ахмад гишүүд, нэр нөлөөтэй нөхөд, олон жил парламентад суусан эрхмүүдийг 28-ынхаа эхэнд бичих сураг ч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаатай сонгоно” гэж заасан. Нэг ёсондоо иргэдийн шууд сонгоогүй, нэрийг нь дугуйлаагүй хүнийг ямар нэг байдлаар парламентад суулгаж болохгүй гэсэн үг. Сонгуулийн тухай хуулийг батлахаас өмнө энэ талаар бишгүй олон хүн сануулж байсан. Гэсэн ч олонхийн санал авч чадаагүй хүн парламентад суух, тухайн нэр дэвшигч шууд өрсөлдөх биш намын нэрээр санал авч УИХ-ын гишүүн болж болохоор хуульчилсан юм. Энэ нь тухайн нам доторхи фракциудын өрсөлдөөн ширүүсэх, нам аль нэг мөнгөтэй хэсгийн талд шийдвэр гаргах нөхцөлийг ч бүрдүүлсэн гэж хэлж болно.

Үндсэн хуулийн Цэц 48-аас 28 руу гулсах тухай заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хэлэлцэхээс гадна намын нэрээр санал авах пропорциональ 28-ын тухай  ч хэлэлцэх  магадлалтай байгаа ажээ. Хэрвээ ингэвэл УИХ-ын 2012 оны сонгуулийг 100 хувь мажоритари тогтолцоогоор буюу 2008 онд УИХ-ын сонгууль явуулсан тогтолцооны дагуу явуулах арга л үлдэх бололтой. Хаврын чуулганаар энэ асуудал намуудын хооронд дахин маргаан үүсгэхийг үгүйсгэхгүй юм. УИХ-ын гишүүдийн дунд “Энэ заалт анхнаасаа л буруу байсан” гэх нэгэн байгаа бол үүнийг үгүйсгэх хүн ч байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Цэц Сонгуулийн тухай хуулийн 48-аас 28 руу гулсах заалтыг түдгэлзүүлэхгүй байлгүй дээ. Сонгуулийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн ямар ч заалт байхгүй” гэв. Ямартай ч энэ асуудлыг ирэх сарын сүүлчээр болох Цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдэх сураг байна. Тиймээс ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж