УИХ-ын гишүүдийн хувьд “Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн тухай хуулийн 48-аас 28-руу гулсах тухай заалтыг түдгэлзүүлэх нь тодорхой” хэмээн шивнэлдээд амжсан байна лээ. Гишүүдийн олонхи нь үүнд итгэлтэй байгаа аж. Тиймээс ч “Мажоритари 48-д нэр дэвшээд ялагдсан ч 28 руу гулсаад УИХ-ын гишүүн болох магадлал өндөр” хэмээн битүүхэн тэмцэлдэж байснаа болиод “Хэрвээ Цэц түдгэлзүүлчихвэл пропорциональ 28-ийн эхэнд жагсах нь эрсдэл багатай” хэмээн тооцоолж байгаа ажээ. Хэрвээ Цэц энэ заалтыг түдгэлзүүлчихвэл намынхаа ахмад гишүүд, нэр нөлөөтэй нөхөд, олон жил парламентад суусан эрхмүүдийг 28-ынхаа эхэнд бичих сураг ч байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаатай сонгоно” гэж заасан. Нэг ёсондоо иргэдийн шууд сонгоогүй, нэрийг нь дугуйлаагүй хүнийг ямар нэг байдлаар парламентад суулгаж болохгүй гэсэн үг. Сонгуулийн тухай хуулийг батлахаас өмнө энэ талаар бишгүй олон хүн сануулж байсан. Гэсэн ч олонхийн санал авч чадаагүй хүн парламентад суух, тухайн нэр дэвшигч шууд өрсөлдөх биш намын нэрээр санал авч УИХ-ын гишүүн болж болохоор хуульчилсан юм. Энэ нь тухайн нам доторхи фракциудын өрсөлдөөн ширүүсэх, нам аль нэг мөнгөтэй хэсгийн талд шийдвэр гаргах нөхцөлийг ч бүрдүүлсэн гэж хэлж болно.
Үндсэн хуулийн Цэц 48-аас 28 руу гулсах тухай заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хэлэлцэхээс гадна намын нэрээр санал авах пропорциональ 28-ын тухай ч хэлэлцэх магадлалтай байгаа ажээ. Хэрвээ ингэвэл УИХ-ын 2012 оны сонгуулийг 100 хувь мажоритари тогтолцоогоор буюу 2008 онд УИХ-ын сонгууль явуулсан тогтолцооны дагуу явуулах арга л үлдэх бололтой. Хаврын чуулганаар энэ асуудал намуудын хооронд дахин маргаан үүсгэхийг үгүйсгэхгүй юм. УИХ-ын гишүүдийн дунд “Энэ заалт анхнаасаа л буруу байсан” гэх нэгэн байгаа бол үүнийг үгүйсгэх хүн ч байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Цэц Сонгуулийн тухай хуулийн 48-аас 28 руу гулсах заалтыг түдгэлзүүлэхгүй байлгүй дээ. Сонгуулийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн ямар ч заалт байхгүй” гэв. Ямартай ч энэ асуудлыг ирэх сарын сүүлчээр болох Цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдэх сураг байна. Тиймээс ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.
"Улс төрийн тойм" сонин