Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын ард түмэн, парламентын гишүүдэд хандаж үг хэлж байсан. Тэрбээр “Япончууд манай улстай найрамдалт харилцаа тогтоох хөдөлгөөнийг 1960-аад оны дундуур өрнүүлж эхэлсэн түүхтэй. Тэрхүү хөдөлгөөнийг Монголд олзлогдож байсан япон иргэд санаачлан оролцсон байдаг. Хоёр орны харилцаанд хүнд хэцүү зурвас үе байсан. Гэвч ороо бусгаа цагийн шуурга Монгол, Японы ард түмний бие биентэйгээ ойр дотно харилцах, нөхөрлөх гэсэн сэтгэлийн гүн дэх галыг бөхөөж чадаагүй” хэмээн онцолсон билээ. Үнэхээр ч тэнгис далайтай тэрсэлдэн оршдог Япон, талын Монголын харилцаа өнө эртнээс эхлэлтэй. Хубилай хаан Юань гүрнийг байгуулмагцаа Японы эзэн хаан Камэяамад илгээлт явуулж байсан бол Богд хаан 1912 онд улс үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Наран улсын эзэн хаанд албан бичиг илгээсэн нь замдаа саатсан гэдэг. Тэр цагаас хойш 98 жилийн дараа буюу 2010 онд Төрийн тэргүүн Японы парламентын даргад тэрхүү албан бичгийн хуулбарыг гардуулсан билээ. Харин одоо 2012 он.
Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тэнгэрийн тамгатнууд улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо нэгтгэсэн нь Тавантолгойн орд. Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг өрнө, дорнын хөрөнгө оруулагчидтай 18 удаа хэлэлцээрийн ширээний ард суусны эцэст Америк, Хятад, Оросын консорциумуудад өнгөрсөн оны зун Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулалт хийх “виз” олгосон нь Монгол, Японы талд үл ойлголцлыг бий болгосон юм. Өөрөөр хэлбэл, Тэргүүн шадар сайд асан, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй ажлын хэсгийнхэн АНУ-ын “Пибоди энержи”-д 24 хувь, Хятадын “Шинхуа”-д 40 хувь, үлдсэн хувийг Орос, Монголын хамтарсан консорциумд эзэмшүүлэх тохиролцоо хийсэн нь Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлсэн билээ. Тэр ч атугай Японы Ерөнхий сайд асан Наото Кан шийдвэрээ эргэн харахыг хүссэн захидлаа Монголын талд ирүүлж байв. Харин Ерөнхий сайд С.Батболд тус улсад айлчилсан нь Тавантолгойн ордтой холбоотой үл ойлголцлыг эцэс болгосон алхам боллоо. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргаж “Тавантолгой төсөлд Японы оролцоог хангах бодлогыг баримталж ажиллана” хэмээн онцлов. Ийнхүү өмнийн говийн орд газарт хөрөнгө оруулах хүсэлтэй Японы хөрөнгө оруулагчдад шинэ гарц нээж өглөө.
Монголчууд “Чингис” архи үйлдвэрлэдэг ч “Чингис” бонд гаргасан нь үгүй. Харин япончууд монголчуудаас түрүүлээд сэтгэчихэж шүү. Тэд “Самурай” бонд гаргажээ. Тиймээс Монголын Засгийн газраас “Шинэ төмөр зам”, “100 мянган айлын орон сууц”, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд “Самурай” бондыг ашиглах хүсэлтээ илэрхийлэв. Товчхондоо, Ерөнхий сайд С.Батболд “Хөгжлийн мод”-ыг япончуудтай хамтран “тарих” нь тодорхой боллоо. Хоёр жилийн өмнөхөн санагдана. Японы парламентын доод танхимын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Сузуки Мунэо Улаанбаатарт түр саатаж, Монголын улстөрчидтэй нууцхан яриа өрнүүлээд буцсан. Тэрбээр Ардчилсан намын зарим лидертэй уулзаж, Хөшигтийн хөндийд барих олон улсын нисэх онгоцны буудал, тавдугаар цахилгаан станц барихад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг Японы талаас гаргуулах тухай ярилцсан удаатай. Тэгвэл Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр Тавантолгой ба олон улсын шинэ нисэх буудал барих төсөл нь Монгол, Японы хамтын ажиллагааны бэлгэ тэмдгээр тодорлоо. Хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ ч энэ тухай дурьдав.
Их Наран улс Солонгосын хойг, Алс дорнод дахь бүс нутгийг хяналтдаа байлгах гэсэн бодлогоо өнгөрсөн зууны эхээр улам эрчимжүүлсэн. Энэ бүхний үр дүнд ОХУ, Японы харилцааны хамгийн эмзэг сэдэв нь Курилын арлууд. Эдгээр аралтай холбоотой маргаан хоёр орны эрх баригчдын дунд өдгөө ч үе, үе үүсдэг. Харин Япон, Солонгосын хойг дахь орнуудын хувьд дайн самуун, эзлэн түрэмгийлэл тун гашуун сургамж үлдээсэн. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч Өмнөд болон Хойд Солонгос арлын Япон тийш нэхэл хатуутай харцаар ширтсэн хэвээр. Эгэл жирийн япон аав, ээжүүд ч Хойд Солонгосын эрх баригчдаас хүүхдүүдээ нэхэж, амьдын хагацалд шаналсан сэтгэлээ аргадаж ядан байна. Эрхэлж тоглох насандаа Хойд Солонгосын туршуулуудад хулгайлагдсан бяцхан хүүхдүүд өдгөө хижээл насны эмэгтэйчүүд, бас эрчүүд болцгоосон. Тэдний зарим нь солонгосчуудтай гэрлэсэн гэх сураг дуулснаа зарим эх нулимс унаган ярьдаг юм билээ. Тиймээс Ерөнхий сайд С.Батболдыг Японд айлчлах үеэр япончууд энэ асуудлыг хөндөв. Хулгайлагдсан иргэдийг эх оронд нь авчрахад монголчууд тусална гэдэгт тэд итгэж байна. Учир нь Монгол Улс Хойд Солонгостой найрсаг харилцаатай. Харин хоёр улсын Төрийн далбааны өмнө андгай тавилцсан тэнгэрийн тамгатнуудын шинэ имиж нь геополитикийн тавцнаа хамтрах явдал билээ.
"Улс төрийн тойм" сонин