НӨАТ-ын босгыг өндөрсгөнө

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын босгыг өндөрсгөнө

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл нар санаачлаад байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулиар 10 сая түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж,  иргэн нь орлогынхоо 10 хувиар тооцон НӨАТ төлж байгаа юм. Эл хуулийг зургаан жилийн өмнө баталжээ. Түүнээс хойш эдийн засгийн цар хүрээ өргөжиж, төсвийн орлогын хэмжээ хэд дахин нэмэгдэж татварын бүтэц өөрчлөгдсөн юм байна. Тодруулж хэлбэл, тухайн үеийн 10 саяын бодит үнэ цэнийг өнөөгийн цаг үеийн 10 саяын үнэтэй харцуулахад чанарын ихээхэн ялгаа бий болж, тухайн үед 10 сая төгрөгийн борлуулалт хийж байсан аж ахуй эрхлэгчид дунд, түүнээс дээш аж ахуй эрхлэгчид хамаарч байсан бол өнөөдөр 10 саяын борлуулалт хийж байгаа бизнес эрхлэгчид жижиг, өрхийн аж ахуйн төвшинд авч үзэхээр тийм татвар төлөгчийн хэсэг хамаарч буй гэнэ. Ингэснээр татварын 10 хувь ч үйл ажиллагаанд нь ихээхэн дарамт учруулдаг байна. Татварын байгууллагаас авсан судалгаагаар 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар 0-10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгч нийт НӨАТ төлөгчдийн 40 орчим хувийг эзэлж байгаа хэдий ч НӨАТ-ын орлогын дөнгөж 1.6 орчим хувийг л бүрдүүлдэг байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг үндэслэж НӨАТ төлөх борлуулалтын орлогын босго дүнг 10 сая байсныг 100 сая төгрөг болгон өөрчлөх саналыг энэхүү төслийн хүрээнд оруулж өгчээ. Судалгаагаар 2001 оны хоёрдугаар сарын байдлаар 0-100 сая төгрөгийн борлуулалтын орлоготой НӨАТ нь энэ төрлийн татвар төлөгчдийн 77,3 хувийг эзэлдэг байна. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж