Оюутны шигшээ багийн бэлтгэлтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Оюутны шигшээ багийн бэлтгэлтэй танилцлаа

Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээний бэлтгэл ажил амжилттай явагдаж, зургаан орны баг тамирчид оролцохоор тоглолтын сугалаа гарчээ. Тэмцээний Зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, Монголын волейболын холбооны /МВХ/ хүндэт ерөнхийлөгч С.Ламбаагаар ахлуулсан ажлын хэсэг 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн “Хангарьд” спорт клуб дээр бэлтгэлээ хийж байгаа Монголын оюутны эмэгтэй волейболын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчтай нартай уулзан, тэдний бэлтгэл сургалтын үйл явц, тамирчдын байр, хоолны газар зэргийн ажиллагаатай танилцлаа.

Түүнтэй хамт ЗБХ-ны нарийн бичгийн дарга, Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ЗБХ-ны гишүүн, МОСХолбоо болон МВХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Залуу Монгол” корпорацийн ерөнхийлөгч М.Сономпил, МВХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Бат-энх нар явж баг тамирчидтайгаа уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонсон, мэдээлэл өгч,  сургамжийн үгээ хэллээ.

Манай улсын оюутны эмэгтэй волейболчдын шигшээ бүрэлдэхүүнд багийн даргаар М.Сономпил /МОСХ-ны болон МВХ-ны УЗ-ийн гишүүн/, багийн даргын орлогчоор Жан Жи Хунг /Энагура багийг эзэн/, ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, дасгалжуулагчаар Б.Хэрлэн, “Сүлд” багийн дасгалжуулагч Р.Тамир, орчуулагч Д.Мөнхцэцэг нар ажиллаж бэлтгэл сургуулилтыг удирдаж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер Г.Өлзийдэлгэр, П.Буянжаргал, Д.Алтансувд, дэд мастер Г.Энхсайхан, Э.Мөнх-Үйлс, А.Пүрэвсүрэн, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, У.Гэрэлмаа, Л.Отгонцэцэг, С.Отгонбямба нарын тэргүүтэй 22 тамирчин бэлтгэлд гарчээ. Баг тамирчид 2012 оны 3 сарын 5-26 ны өдрүүдэд 21 хоногийн хугацаатай бэлтгэлээ базааж, хүүхдийн БТС-ын дунд сургууль дээр байрлаж байна. Волейболын тамирчид сүүлийн 20 гаруй жилд ийнхүү нэгдсэн бэлтгэл сургуулилтанд хамрагдаж байгаагүй ба ЗБХороо ийнхүү бэлтгэл хийх сайхан бололцоог тэдэнд олгожээ.

Манай орны эмэгтэй оюутан тамирчид анх 1965 онд Унгар улсын Будапешт хотноо Дэлхийн оюутны зуны спортын Универсиад наадмаас эхлэн оролцож  1973 онд ЗХУ-ын Москва хот, 1977 онд Болгар улсын Софи, 2009 онд Серби улсын Белград хотноо тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан. Монголын оюутны эмэгтэй баг Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд Тайланд, БНХАУ-ын дараа орж, хүрэл медаль хүртсэн юм. Тус тэмцээний шилдэг тамирчнаар ОУХМастер Г.Цэцэгжаргал,  шилдэг хамгаалагчаар П.Буянжаргал нар шалгаран өндөр амжилт үзүүлсэн.

Сүүлийн жилүүдэд Монголын оюутны эмэгтэй тамирчдын амжилт тивийн түвшинд хүрч өсч байгаа ба энэхүү тэмцээнээс дахин медаль авах зорилт тавин ажиллаж байна. 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж