Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг танах нь буруу гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг танах нь буруу гэв

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ээлжит хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж  байнгын хорооны гишүүд үзсэн юм.  Гэхдээ хуулийн төсөл өмнөх хуулиас сайжирсан зүйлгүй, ямар ч шинэчлэл харагдахгүй байна хэмээн гишүүд шүүмжилсэн  бөгөөд хуулийн төслийг дахин сайтар нягталж сайжруулах хэрэгтэй гэж үзэн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонсч, тэдний тодорхой саналыг ажлын хэсгээс гарах зарчмын зөрүүтэй саналын томьёололд тусган  байнгын хороонд оруулж ирэхээр тогтсон билээ.
Энэ дагуу УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Дондог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  төлөөлөл болох Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, МХБИ-ийн Нэгдсэн холбоо, Чөлөөт үйлдвэрчний эвлэл, Монголын хараагүйчүүдийн холбоо, Монголын дүлий иргэдийн байгууллагуудын холбоо зэрэг  төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзан  санал, бодлыг  нь сонссон юм.
 Тухайлбал, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Н.Содномцэрэн, хуулийн шинэчилсэн найруулгад 5.1 –д байсан арван нэгэн заалтыг бүхэлд нь хасч, зөвхөн дөрвөн заалт буюу нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ гэсэн бүрхэг ерөнхий заалтуудыг үлдээжээ. Хасагдсан заалтуудад хөгжлийн бэрхшээлтэй, бүрэн хараагүй, дүлий иргэдэд нүүрс,түлээ, байрны мөнгө олгох, хүүхдийн протезийн хөнгөлөлт, рашаан сувилалд эмчлүүлэх, орон нутгаас нийслэлд ирэх унааны зардал, бүрэн хараагүй хүнд холбооны зардал олгох зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн их хэрэгцээ, шаардлагатай хөнгөлөлтүүд байсан юм. Үнэн чанартаа эдгээр хөнгөлөлтүүд улсын төсөвт нэг их ачаа, дарамт үзүүлэхгүй. Жишээ нь, 2008 онд 10605 хүн түлээ, нүүрс, байрны хөнгөлөлтөд хамрагдсан. Энэ нь группт байдаг хүмүүсийн дөнгөж арван хувь нь гэсэн үг. Хүүхдийн протезийн хөнгөлөлтөд 700 хүүхэд, хараагүй хүмүүст холбооны зардлын хөнгөлөлт үзүүлэхэд 500 хүн гэх мэтчилсэн хамрагдсан байгаа юм. Эдгээр хөнгөлөлтүүдэд 2008 онд нийт 3,3 тэрбум төгрөг зарцуулсан байна лээ. Иймд эдгээр хөнгөлөлтүүдийг буцаан олгоход анхаарч үзээчээ. Нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхний зайлшгүй хэрэгцээтэй заалтуудыг хассан байна гэлээ.  Монголын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч М.Болдсайхан, хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн халамжийг өмнөх түвшингээс нь битгий бууруулаачээ гэсэн хүсэлтэй байгаагаа хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  хөгжлийн хувьд зайлшгүй хоцрогдолтой байдаг. Тэдний алдагдсан боломжийг нөхөхөд төрийн  дэмжлэг хэрэгтэй. Ер нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд муу дээрээ муу, муухай дээрээ муухай гэдэг шиг тахир дутуу дээрээ бас ядуу байх ёстой болоод байгаа юм. Нийгмийн халамжийг зөвхөн ядуу, эмзэг бүлгийн өрхөд чиглүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг хасаж танаж байгаа нь буруу. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зайлшгүй тусад нь халамж очих ёстой. Ядуу гэдгээр ямар нэг цензур тавьж,  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг халамжаас хасдаг нь буруу гэсэн саналтай байгаагаа хэллээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Дондог, ажлын хэсэгт олон санал ирж байгааг дуулгасан.Тэрээр хамгийн түрүүнд нийгмийн халамж хүртдэг иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсох зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан гэлээ. Саналыг бичгээр авах юм байна. Төрийн бус байгууллага, иргэдээс ирүүлсэн тодорхой саналууд болон бусад орны туршлагад тулгуурлан ажлын хэсгээс гарах  зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулах аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэй, сонсголгүй, дүлий, бусад гэсэн дөрвөн бүлэг болгон чиглэл, чиглэлээр нь хүлээн авч уулзан санал солилцвол үр дүнтэй гэсэн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржавын гаргасан саналыг ажлын хэсгийн ахлагч хүлээж авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж