УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ болоод орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард хамтран зохион байгуулъя. Ингэхдээ орон нутгийн сонгуулийн хувьд нийслэл болоод аймгийн орон нутгийн удирдлагыг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтран хийгээд, дүүрэг болоод сумдын удирдлагыг сонгох сонгуулийг намар зохион байгуулж болох юм гэсэн санал хүргэсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн зөвшөөрөөгүй билээ. Мөн энэ асуудлын хүрээнд УИХ дахь хоёр намын бүлгээс тав, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсгийн хувьд “Хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулъя” гэдэг шийдэлд хүрч, улмаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон байлаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд ажлын хэсгийн саналыг нягтлаад “Хүлээн авах бололцоо бага байна” гэж үзсэн юм. Ингэснээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хаврын чуулган руу шилжүүлсэн билээ.
АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, бүлгийн дэд дарга Л.Гантөмөр нар өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэ удаад тэд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлах ёстой байсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийх бололтой.
Г.Дарь