Автобусны ослын шалтгааныг тайлахыг хичээв

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Автобусны ослын шалтгааныг тайлахыг хичээв

Швейцарийн Вале мужид мягмар гаригийн орой осолдсон жуулчны автобусны ослын шалтгааныг мужийн прокурор Оливье Элсиг тодорхойлох таамаглал хийсэн талаар rambler.ru сайт мэдээллээ. 22 хүүхэд, зургаан том хүний амь эрсэдсэн энэ том осол гурван шалтгаанаас болсон байх магадлалтай гэж прокурор үзэж байгаа юм. Нэгдүгээрт, автобусны техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй байсан, хоёрдугаарт, жолоочийн биеийн байдал сайнгүй байсан, гуравдугаарт, жолооч хувь хүнийхээ хувьд асуудалтай байсан байх магадлалтай гэнэ. Автобусанд нийт 52 зорчигч явсан ажээ.

Бельгийн Хеверле болон Ломел хотуудын сургуулийн 12-оос доош насны хүүхдүүд долоо хоногийн өвлийн амралтаа Швейцарийн уулын цанын баазад өнгөрүүлсэн байна.Тэд харих замдаа осолд орж, 24 хүүхэд хүнд, хөнгөн бэртэл авч, эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Тэдний гурав нь ухаангүй байна.

Бельги улс одоо гашуудал зарлаад байгаа бөгөөд хүүхдээ алдсан эцэг эхчүүд энэ мэдээнд итгэж чадахгүй байгаа талаар ВВС мэдээлэв. Зорчиж явсан хүүхдүүдийн дунд мөн дани, польш болон герман үндэстэн хүүхдүүд байсан аж. Хүүхдүүдээ алдсан гэр бүлүүдэд туслах ажлыг өрнүүлж байгаагаас гадна лхагва гаригийн өглөө тэдний төрөл төрөгсөд хэвлэлийн бага хурал зарласан юм. Амь гарсан хүүхдүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүүхдүүдийн ар гэр, хамаатан садан хүссэн байна.

Хэвлэлийн бага хурлын дараа 100 орчим хүн хүүхдүүдийнхээ байдлыг мэдэхээр Швейцарь руу нисчээ. Засгийн газрын онгоц тэдэнд үйлчилж байгаа юм. Бельгийн Ерөнхий Сайд Элио ди Рупо мөн өдөр Швейцарьт очсон бөгөөд тэрээр энэ өдөр бол Бельги улсын хувьд үнэхээрийн эмгэнэлтэй өдөр гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Бельгийн Тээврийн сайд хэлэхдээ хүүхдүүдийг авч явсан жуулчны компани нь нэр хүндтэй байгууллага юм. Жолооч нар хүүхдүүдийг авч хөдлөхөөсөө өмнө нэг өдөр амарсан. Энэ нь жолооны хуулийн дагуу л байсан гэжээ. Хоёр жолооч хоёулаа амиа алджээ.

Вале мужийн цагдаагийн дарга осол гарсан газар дайны байдалтай адил харагдаж байсан гэж ослын дараах байдлыг дүрсэлсэн юм. Европын Парламент нэг минут дуугүй зогсч, амь үрэгдсэн хүүхдүүд болон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж