Боксчид “Химийн цом”-д оролцож байна

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Боксчид “Химийн цом”-д оролцож байна

Олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр хилийн дээс алхсан Монголын олимпийн боксын холбооны шигшээ багийн тамирчид Германы Галле хотноо “Химийн цом”-ын тэмцээнд оролцож байна. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд зохион байгуулагч Герман, Алжир, Австри, Бразили, Хятад, Дани, Франц, Ирланд, Итали, Казахстан, Литва, Молдав, Монгол, Морокко, Нидерланд, Румын, ОХУ, Узбекистан зэрэг 18 орны тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэдгээрийн дунд дэлхийн аваргын алтан медальтай долоон тамирчин эх орноо төлөөлөн оролцож буйгаас гадна тив, дэлхий, олимпийн медальтай шилдэг боксчид олимпийн өмнөх сорилгод оролцохоор ирсэн нь тэмцээний өрсөлдөөнийг хурцалж байна.

Монголын багийн тухайд долоон жинд тамирчдаа сойно. Тодруулбал, 52 кг-ын жинд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 56 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д З.Энхзориг, 69 кг-ын жинд Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нарын тамирчид оролцож буй.

Сонирхуулахад, 15 тамирчны бүрэлдэхүүндтэй эх орноосоо мордсон Монголын боксчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг, Ц.Амаржаргал нарын удирдлага дор бэлтгэл хангаж байна. “Химийн цом”-ын тэмцээний дараа П.Сэрдамба, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар Чехийг зорьж, тэнд болох олон улсын тэмцээнд оролцох бол бусад тамирчид эх орондоо ирэх ажээ. Улмаар нутагтаа бэлтгэлээ базааж байгаад гуравдугаар сарын 30-нд Казахстанд эхлэх олон улсын тэмцээнийг зорих юм. Тус тэмцээн нь Ази тивийн ширэн бээлийтнүүдийн олимпийн эрхээ авах эцсийн боломж билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж