Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Наян хувь. Энэ бол Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас гаргасан нэгэн зөвлөмж дээр дурдагдсан тоо. Тэд зарим хүмүүсийг манай байгууллага дээр ирж битгий ачаалал нэмээчээ гэж зөвлөсөн нь энэ. Тус газар ойрын хэдэн өдөр олны хөлд дарагдаад байгааг бараг хүн бүр мэдэж байгаа. Учир нь “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжих сургаар шаардлагатай баримт материалаа бүрдүүлэх гэсэн иргэд тус байгууллагын ачааллыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэнэ. Гэхдээ энд нэг анхаарал татсан зүйл нь лавлагаа авч байгаа иргэдийн 80 хувь нь “шаардлага хангахгүй” ангилалд оржээ. Тэдгээр 80 хувийг бүрдүүлж буй иргэдийн олонх өөр хэн нэгний үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр хамтран эзэмшигч байна гэж гарч байгаа гэнэ. Эдгээр иргэд “Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна” гэдэг үндсэн шаардлагад нийцэж байна гэж бодоод ийнхүү хүсэлт гаргасан ч урам хугарав. Яалт ч үгүй “анх удаа орон сууц худалдан авах” гэж зааж өгсөн болохоор өдөр бүр хүмүүс “хууртаж очсоор”,  мэхлэгдсэнээ мэдээд буцсаар. Аль хорин жилийн өмнө аав, ээжийнхээ орон сууцны гэрчилгээн дээр нэр нь орж байсныхаа төлөө байрны зээлэнд хамрагдах эрхээ хасуулахаар болж байна. 

Гол нь “анх удаа худалдан авах гэж байгаа” гэдгийг Засгийн газар маань өмнө нь үл хөдлөхийн гэрчилгээн дээр хамтран эзэмшигчид нэр бичигдсэн байхыг ч хамруулан ойлгож буй бололтой. Ойлгохгүй байгаа хүмүүст жишээгээр тайлбарлая.

Дашдорж ерээд онд байраа хувьчилж авахдаа өөрийн хүүхэд Дулам, Дугар, Дондов, Сүрэн нарыг үл хөдлөхийн гэрчилгээнд хамтран эзэмшигч хэмээн бүртгүүлчихсэн. Харин өнөөдөр Дулам, Дугар, Дондов нар бүгд тус тусдаа гэр бүлтэй болж өрх тусгаарласан. Тэдний тус тусын “залуу гэр бүл” -ийн нэг сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй ч гэсэн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүй. Яагаад гэж үү? Учир нь тэднийг Засгийн газар “байр өмнө нь худалдан авч байсан” гэж үзсэн.

Яг энэ ялгаатай ойлголт үүсээд байгаа талаар өмнө бичигдсэн “Намайг ялгаварлаж байна” бичлэгэнд уншигчид багагүй бухимдсан сэтгэгдлүүдийг үлдээжээ. News.mn дээр ирсэн сэтгэгдлийг хүргэвэл “Би 100 мянган айлын орон сууцны зээлд хамрагдаад ашгүй нэг байртай болоод тусдаа гарах нь гэсэн чинь лавлагаа маань байртай, хамтран эзэмшигч гээд гараад ирлээ. Гэтэл тэр байр чинь миний аав ээжинх шүү дээ. Би тэгээд гэр бүлтэй болчихоод аав ээжтэйгээ цуг амьдраад байх уу. Тэр байр чинь минийх биш шүү дээ. Би өөрийнхөө мөнгөөр аваагүй” гэж. Өөр нэгэн уншигч “Засгийн газар байрны хувьчлал хийх үед заавал бүх ам бүлийг бичих ёстой гэж хамтран өмчлөгч болгуулсан. Насаараа аав ээжтэйгээ амьдрахгүй нь лавтай. Дээдсүүд луйврын мөнгөөрөө хүүхдүүдээ бүгдийг нь байртай болгосон. Харин дундчууд, борчуудын хүүхэд бидний хохироож байна. Залуу гэр бүл байртай болох эрхтэй биз дээ” гэжээ.

Улсын бүртгэлийн газар ирцгээсэн иргэдийн 80 хувь нь “сөрөг” хариулт авч буцсаар. Харамсалтай нь үүний дийлэнх хэсэг нь хамтран эзэмшигчид нэр нь орсон залуу гэр бүл. Маргааш ч тэдний адил залуус ирсээр байх болно. Учир нь тэд одоог хүртэл өөрсдийгөө “байр худалдан авсан” гэж итгээгүй л байгаа. 80 хувь. Энэ тоо ямар нэг зүйл хэлэхгүй байна гэж үү?

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж