Юу хүсч байгаагаа хэлэхээс нааш эрчүүд ойлгохгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Юу хүсч байгаагаа хэлэхээс нааш эрчүүд ойлгохгүй

Эмэгтэйчүүд бид өөрсдийнхөө ч учрыг олдоггүй, эрчүүдийгээ ч учираа олоход нь саад болдог.

Шинжлэх ухаан техник хөгжөөд гэр ахуйн есөн шидийн туслах хэрэгслүүд (тоос сорогч, угаалгын машин, аяга угаагч, тэр бүү хэл гэрийн үйлчлэгч хүртэл) бий болсон ч эзэгтэй нар гэрийн ажилдаа түүртсэн хэвээрээ.  Ялангуяа анхны хүүхэд төрүүлснийхээ дараа их ядарч байгаагаа анзаардаг. Их ажил гэхээсээ илүү сэтгэл санаагаараа их ядарна. Ямарваа нэг зүйлийг буруу хийчих вий, янз бүрийн өвчин эмгэг тусчих вий гэх мэт айдсаас гадна гормоны болон сэтгэл санаа бие физиологи, амьдарлын хэмнэлд гарсан өөрчлөлтүүд ядрааж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Яг ийм үед л эмэгтэйчүүдэд эр нөхрүүдийн нь сэтгэл санааны дэмжлэг нэн түрүүнд шаардагддаг. Тийм анхаарал амсч  чадаагүй нь гэр бүлийн хүнтэйгээ тогтсон харьцаа, темперамент аашны хэмжээгээр янз бүрийн байдалд орох нь элбэг аж. Шалихгүй шалтаг бүрт бухимдан, орилж эхлэхээс авахуулаад сэтгэл зүйн гүн үзэн ядалтанд автан хэдэн хоногоор дуугаа хураана бий.

Эрчүүдийн сэтгэл зүйн онцлог бол өөр. Тэд сонссон ямарваа нэг асуудлыг шийдэх гэж зорьдог. Жишээ нь, эхнэр нь даргынхаа талаар эр нөхөртөө гомдоллох юм бол шууд даргатай нь уулзаж асуудлыг цэгцлэхийг бодно. Асуудал бий бол шийднэ гэдэг нь эрэгтэй хүний гол зарчим. Үйл хөдлөлийн хүн гэж нэрлэж болох юм. Ингэж асуудлаа шийдүүлснээр эмэгтэй хүн жаргалтай болж, сэтгэл хангалуун үлдэнэ гэж эрчүүд төсөөлдөг. Эмэгтэй хүний хувьд шийдээд шийтгээд өг гэхээсээ илүү өрөвдүүлэх дуртай байдаг. Зовлонг нь сонсоод ойлгоод, өрөвдөөд, урамшуулаад, ханхар цээжиндээ тэврэхийг хүсдэг гэх үү дээ. Яг ийм үл ойлголцолоос улбаалаад гэр бүлийн янз бүрийн маргаанууд дэгддэг.

Бас нэг жишээ. Хөршийн нэг нөхөр эхнэрийг нь элдэв үгээр доромжилж. Эхнэр нь энэ тухай нөхөртөө гомдоллов. Нөхөр ч эхнэрээ өмөөрөөд нударгаа зангидан хөршийгөө хашрааж, үзүүлээд өгч. Гэтэл эхнэр нь ийм зүйлийг анхнаасаа хүссэнгүй. Хөршөө өмөөрч байгаа юм шиг хамгаалан хоёр эрийг салгахыг оролдон хашигарч гүйнэ. Эцэст нь гэр бүл сална. Уг нь өрөвдүүлэх л санаатай байсан юм. Гэвч нууц амрагийн харьцаатай явсан мэт сэтгэгдэлийг эр нөхөртөө төрүүлсэн болж таарч байгаа юм.

Бусдад дээрэлхүүлэх, доромжуулах бол нэг талаас хүндэтгэх шалтгаан. Өөрөөр хэлбэл, зовлонд тооцогдож болно. Хичээж сонгосон хувцыг нь, гараа гарган будсан нүүрийг нь, олон цаг зарцуулан байж тайруулсан үсийг нь эр нөхөр нь харчихаад юу ч болоогүй юм шиг гоё ганганаар дуудахгүй, анзаарахгүй байх нь зовлон зүдгүүрт тооцогдохгүй. Анзаарч хараагүй эр хүн нь хөлдүү тэнэг байж таарахгүй. Энэ нь явсаар байгаад үзэн ядах, харааж зүхэх, салах шалтгаан болдог нь хүндэтгэх шалтгаангүй буюу зовлон эрсэн бүсгүйчүүдийн аашны ялалт болж өгдөг. Шалтгаан, зовлон олж харахгүй байгаа эр нөхөр нь ч мөн л ижилхэн шаналж эхэлнэ. Хоёр талаас хуримтлагдсан тунирхал үл ойлголцол зөрчилдөн гэр бүлийн тогтворгүй байдалд хүргэдэг.

Энэ бүхнээс үүдээд эрэгтэй хүнээс юу хүсч хүлээж байгаагаа тайлбарлаж хэлэх шаардлага эмэгтэй хүнд тулгарна.

Эрэгтэй хүн мулгуу, сэтгэл мэдрэлийн өвчтэйдөө биш. Зүгээр л эр эм хүний сэтгэхүй өөр өөр байдагт л бүх учир бий. Огт ойлгомжгүй, оньсого шиг зүйл шаарддаг мөртлөө иймхэн юм ойлгохгүй тэнэг гэж ханиа дуудахыг сонсоогүй хүн ховор биз.

Ерөнхийдөө эрчүүд өөрийн бодол санаагаа тодорхой илэрхийлдэг. Эмэгтэй хүмүүс бодит байдлын тухай бодож байгаа зүйлсээ өгүүлэхдээ зах зухаас нь цухуйлгадаг. Цухуйлгах биш бодож санаснаа илүү дэлгэрэнгүй ярих тусам гэр бүлийн уур амьсгал таатай болдог. Эмэгтэй хүн гэр бүл дотроо эгэл болон эгэл бус бодол саналаа бүгдийг нь товч тодорхой илэрхийлэх ёстой болж таарч байна. Эрэгтэй хүн хөлдүү тэнэг учраас биш, харин эрэгтэй учраас тэр. Угаасаа эрчүүдийг анхнаас л ийм онцлогтойгоор нь бид хайралдаг, цаашид ч тэгэхээс өөр аргагүй.Тэд зоримог, зарчимч, асуудал шийдэгч нар. Эрчүүдийн хувьд ч ойлгуулах гэж ядаад байгаа, цухуйлгаад байгаа зүйлсийг нь ойлгохыг хичээхийн оронд тодорхой зүйл шаардах нь зүй ёсны эрх болж таарч байна гэдгийг л ойлгох хэрэгтэй болов уу.

Бас нэг ялгаа.

Гэр доторхи ариун цэвэр нь эзэгтэй хүний хувьд өнө эртнээс эрүүл амьд явах орчин мэтээр төсөөлөгдсөөр иржээ. Тиймээс ч гэртээ ороход цэвэрхэн байх тусам аюулгүй орчинд амьдарч буй мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Эрэгтэй хүний хувьд өөр. Гол нь байх ёстой зүйл байрандаа, аюулгүй, бэх бат орчныг шаарддаг. Гар утаснаас илүүгүй хэмжээний хог бол эрчүүдийн нүдэнд өртөхгүй. Өөрөөр хэлбэл, хогонд тооцогддоггүй. Эзэгтэй нь гэрээ тохижуулж, цэвэр байлгах гээд янз бүрийн шаазан ваар гоёл чимэг зүүгээд энд тэнд тавиад уухилаад байдаг, эрчүүд нь тэрнийг нь ойшоож үздэггүй. Ширээний дээр талхны үртэс үлдээх нь эр хүний хувьд сүртэй асуудал биш. Хүүхдээ салхинд гаргахдаа ээжийх нь авсан тэр оймсыг нь өмсүүлэхгүй гарах нь анзаарагдах явдал бас биш. Энэ мэтээр эмэгтэйчүүд өөрсдийх нь хөдөлмөрийг үнэлэхгүй байна гэж гомдоллодог, зовлон гаргаж ирдэг. Гомдож тунирхаж өөрийгөө зовлонд унагачихаад, дараа нь өрөвдүүлэх гэж мэрийнэ. Тэрнийгээ ч олигтой илэрхийлэхгүй. Тодорхойгүйн дээр эмэгтэйчүүд бид сэтгэл хөдлөл ихтэй, түүндээ автамтгай, эргэлзэж тээнэглэзэх нь элбэг, логик зарчим дагадаггүй, аар саархан зүйлд шаналдаг. Энэ сул талуудаа эрэгтэй хүнд ойлгуулхыг хүснэ. Цаадах нь мэдээж үл тооно. Эрчүүд эмэгтэйчүүдээс өөр гэдгийг бодохыг ч хүсдэггүй. Бид ертөнцийг өөр өөрсдийн өнцгөөр хардаг. Өөр өөрөөр хүлээн авч боддог. Хоорондоо ялгаатайгаар санаа зовнино, мэдэрнэ. Гэр бүлээ тогтвортой байлгая гэж хүсч байгаа бол буулт хийж нэг нэгнээ судлахаас өөр арга байхгүй гэдгийг эцэст нь хэлье.    
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж