Осакад Ерөнхий консулын газар байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Осакад Ерөнхий консулын газар байгуулагдлаа

Японы Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Осака хотноо үргэлжилж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн түүхийн хуудсыг баяжуулах нэгэн арга хэмжээОсака хотод өнөөдөр болсон нь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээлтийн арга хэмжээнд оролцохдоо  Кансай бүсийн төв Осака хот нь олон зуун жилийн түүхтэй, Япон төдийгүй Зүүн Азийн бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр,соёл, боловсролын томоохон цөмүүдийн нэг. Осака хотод Монгол Улс Ерөнхий консулын газраа байгуулж байгаа нь манай хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна гэдгийг тодотгож байлаа. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Кансайн бүс чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Монгол, Японы хоорондын агаарын замын гараа Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас эхэлж байсныг тэмдэглэлээ.

Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа Стратегийн түншлэлийн зарчмаар цаашид бататган хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэх зорилгоор Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэх талаар Японы Ерөнхий сайд Ё.Нодатай хийсэн  хэлэлцээний үеэр тохирсныг Ерөнхий сайд С.Батболд мэдэгдээд энэ зорилтыг хэрэгжүүлж, бодит ажил болгоход Ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэх учиртайг чухалчиллаа.

Мөн Кансай бүс нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд Монголын зах зээлийн нөөц, бололцоо, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах, тус бүс нутгийн жижиг, дунд үйлдвэрийн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх,  худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Энэхүү консулын газрыг нээхэд үнэтэй дэмжлэг үзүүлж ажилласанЯпон Улсын ГХЯ-ны Осака дахь салбар, мужийн захирагч, хотын дарга, Осака дахь ЖЕТРО байгууллага болон бусад холбогдох байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын Засгийн газрын тэргүүн талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, Монгол-Кансайн харилцаа  улам бүр өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж