Америкчууд Саудыг, арабууд нефьтээ ”шахна”

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Америкчууд Саудыг, арабууд нефьтээ ”шахна”

Дэлхийн зах зээл дээрхи нефьтийн үнэ 2012 он гарсаар ойролцоогоор найман хувийн өсөлттэй байгаа юм. Ялангуяа Ирантай холбоотойгоор Ойрхи Дорнодод үүсээд байгаа хурцадмал байдлыг тойрсон сөрөг таамаглалаас болж нефтийн үнийн хөөрөгдөл нэлээд газар авч байгаа бололтой. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногийн эхээр мэдэгдэл хийж Ойрхи Дорнодод болж байгаа сөргөлдөөнийг хэт дэвэргэн дайн байлдааны тухай элдэв таамаг дэвшүүлэхээ нэн даруй болихыг зарим улстөрчид болон шинжээчдээс шаарджээ. Иймэрхүү ярианаас үүдэн нефтийн хангалт буурч улмаар нефть болон шатахууны үнийг дээш нь хөөрөгдөж эхэлсэн байна. Ийм нөхцөл байдал АНУ-ын хэрэглэгчдийг багагүй “чангалж” байгаа тул Барак Обама ийнхүү мэдэгдэл хийхээс өөр аргагүйд хүрсэн аж. Энэ долоо хоногийн эхний өдөр гэхэд  Нью-Йоркийн худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэх хөнгөн нефтийн урьдчилан төлөх үнэ 106 ам.доллараас давж гарсан байна. Харин Умард далай орчмын орнуудын нийлүүлэх брент маркийн нефтийн үнэ гэхэд мөн л баррель нь 125 ам.доллараас илүү гарч нэмэгджээ. Энэ бүхнээс болж АНУ-ын эдийн засагт багагүй  сөрөг нөлөө үүсч байгаа бөгөөд иргэд нь бухимдалтай байгаа аж. Хэдийгээр 2011 онд америкчуудын бензинийн хэрэглээ бараг гурван хувиар буурсан боловч шатахууны үнэ огт буураагүй юм байна. Харин ч нэг галлон бензинийн үнэ 3.521 ам.доллар болж урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэнэ.

Нөхцөл байдлыг сайжруулах үүднээс АНУ зарим нэг арга хэмжээ авахыг чармайж байгаа гэсэн мэдээлэл гарсаар байгаа ч одоогоор тодорхой үр дүн гарахгүй байгаа аж. Тухайлбал, АНУ-ын зүгээс өөрийн түнш Саудын Арабыг нефть бүтээгдэхүүн нийлүүлэлтээ ихэсгэхийг хүсч, багагүй шахалт үзүүлж байна.Тэгэхдээ цөмийн хөтөлбөрөө зогсоохтой нь холбогдуулж Иранд хориг тавьснаас үүсч байгаа хангамжийн дутагдалтай байдлыг арилгахуйц хэмжээнд хүрэхээр нийлүүлэлтээ ихэсгэхийг Саудын Арабаас хүсч байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснийг үзвэл Саудын Арабын нефтийн нийлүүлэлтийн “нэмэгдэл” энэ оны долоодугаар сараас өмнө хэрэгтэй байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Иранийн нийлүүлж байсан нефтийн хангалтын орон зайг нөхөж чадахуйц цорын ганц нефть экспортлогч нь Саудийн Араб болж байгаа билээ.

Харин Саудын Араб АНУ-ын энэ хүсэлтийг шууд хүлээж авахыг яарахгүй байгаа юм байна. Тэд түүхий нефьтийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар тохирч болно гэдгийг ойлгуулсан ч харин Ираны цөмийн асуудалтай холбоотой улс төрд холбогдох сонирхолгүй байгаа тул энэ байр, суурь нь энэ асуудалд хандах нааштай үйлдэлд нь саад болоод байгаа ажээ. Булангийн орнуудын нэгэн төлөөлөл энэ талаар хэлэхдээ, “Саудын Араб нефтийн хангалтад тусалж чадах боломжтой ч  аливаа улстөрд бол харин оролцохгүй” гэж хэлсэн байна. АНУ-ын зүгээс энэ тайлбартай холбогдуулж мэдэгдэхдээ ч “Бид Саудын Арабт хоёр орны болон дэлхий нийтийн эрчим хүчний асуудлыг чиглэсэн асуудлаар байнга зөвлөлдөж байгаа” гэжээ. Гэхдээ Саудын Араб Ираны нефтийн орон зайг орлуулж эхэлбэл  АНУ-ын хориг арга хэмжээний хугацаа болон үр нөлөө улам ч илүү болох учраас Иран улс шахалт хавчилгыг бүр ч их мэдэрч таарч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, нефтийн нийлүүлэлтээ ихэсгэснээр Саудын Араб Иранд үзүүлж байгаа АНУ-ын хориг арга хэмжээг дэмжсэн болох гээд байгаа учраас энэ асуудалд тус улс болгоомжтой хандаж байгаа нь аргагүй аж. Мөн ирэх долоодугаар сараас Европын холбооны зүгээс Иранд үзүүлэх хориг арга хэмжээ хэрэгжих учраас байдал улам төвөгтөй болох төлөвтэй байгаа юм.Харин нефтийн үнэтэй холбоотой нэг сайн мэдээ гэвэл Кувейтэд болсон Олон улсын эрчим хүчний форум дээр Саудын Арабын газрын тосны хэрэг эрхэлсэн сайд Али аль Найми хэлэхдээ хэрэв шаардлагатай гэж үзвэл тус улс бусад орнуудад нийлүүлж байгаа нефьтийн хэмжээгээ нэмэх саналыг хүлээн авах боломжтой гэжээ.Хэрэв энэ амлалт ажил хэрэг болбол ямар ч байсан энэ оны дундаас газрын тосны үнэ тодорхой хэмжээгээр буурч болох юм.

Одоо дэлхийн зах зээл рүү өдөр бүр нийлүүлэгдэж байгаа 9.8 сая баррель нефтийн хэмжээ Саудын Арабын “нэмэгдэлтэй” нийлээд ч өдөртөө 200 мянган баррелаас илүү нэмэгдэхгүй гэж зарим шинжээчид хэлж байна. Ер нь ч дэлхийн зах зээл рүү нийлүүлэгдэх нефть ийм л хэмжээгээр нэг бол багасч эсвэл нэмэгдэж байх бололтой. Харин Саудын Арабын зүгээс одоо өдөрт 10 сая орчим баррель нефть дэлхийн зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа хэмжээг богино хугацаанд 11.4-11.8 сая баррель болгож чадна гэж байгаа ба цаашдаа гурван сарын дотор 12.5 сая баррель болгон нэмэгдүүлэх боломжтой ажээ. Харин энэ хэмжээ олон улсын зах зээлийн өлсгөлөнг хэр намжаахыг одоогоор хэлэхэд эрт байгаа ажээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж