Citigroup шалгалтад унажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Citigroup шалгалтад унажээ

Дэлхийд нэр хүндтэй Citigroup зэрэг АНУ-ын дөрвөн ч банк тус улсын төв банкнаас явуулсан эрсдлийн сорилтод  (stress test) унасан байна. АНУ-ын төв банкнаас (The Federal Reserve) санхүүгийн цочролтой нөхцөл байдал үүсэхэд банкууд давж гарах эсэхийг шалгасан энэхүү сорилд Citigroup-ээс гадна Sun Trust, Ally Financial болон MetLife гэсэн дөрвөн банк санхүүгийн хямралыг тэсэж гарах найдваргүй гэсэн дүн авсан тухай мэдэгдсэн байна. Хэдийгээр АНУ-ын төв банк энэхүү сорилыг 2009 оноос хойш хийсээр ирсэн ч дүгнэлтээ тэр болгон зарлаад байдаггүй байжээ. Харин энэ жил олон нийтэд мэдээлэх болсон нь ойрын хугацаанд учирч болох санхүүгийн хямралын эрсдлээс олон нийтийг сэргийлэх зорилготой холбоотой байж болох тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Дээр дурдсан дөрвөн банк дотроос хамгийн дорвитой нь Citigroup бөгөөд АНУ-ын гуравдахь том банк болох энэ санхүүгийн байгууллагын салбар нь Монголын хамгийн том нүүрс экспортлогч “Монгол майнинг” зэрэг уул уурхайн компаниудад зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан билээ. Харин бусад тэргүүлэх зэргийн 19 санхүүгийн байгууллага дээрхи сорилд тэнцсэн гэсэн мэдээллийг АНУ-ын төв банкнаас мөн гаргажээ. АНУ-ын төв банкны мэдээлснээр бол тус улсын банк санхүүгийн байгууллагууд 2008 оны санхүүгийн хямралын үеийхтэй харьцуулахад илүү хүчтэй байр суурьтай байгаа аж. Энэ сорилтын нөхцөлийг тогтоохдоо АНУ-д ажилгүйдэл нийт хүн амын 13 хувьд хүрч,хувьцааны үнэ 50 хувь унаж, орон сууцны үнэ 21 хувь хүртэл буурсан байхаар тооцооолж эрсдлийг дүгнэсэн байна.

Тодорхой нэршил бүхий сорилтын тестэд үзүүлсэн дүнг харвал итгэл хүлээлгэж болох хувь хэмжээ нь Citigroup-ийн хувьд 4.9 хувь, Ally Financial банкных 4.4 хувь,харин Sun Trust-ийн найдвар үзүүлэх хувь нь 4.8  хувь байжээ. Харин MetLife банк хамт унасан нөхдөөсөө арай дээгүүр буюу 6 хувийн найдвар харуулсан байна. Сорилтыг явуулсан багийн бүрэлдэхүүнд багтах Нью-Йоркийн санхүүгийн байгууллагын төлөөлөгчийн хэлж байгаагаар бол Citigroup-ийн базаахгүй дүн үзүүлсэн гол шалтгаан нь тус банкны хувьд Европт эрсдэл хүлээх нөхцөл байдал маш их байгаагаас үүдэлтэй гэсэн байна.

АНУ-ын төв банкны со­рилд хамгийн өндөр итгэл найд­варын үзүүлэлт харуулсан банк нь Bank of New York Mellon байсан бөгөөд итгэл үзүүлж болох чадвар нь 13.1 хувь байсан аж. Түүний дараагаар State Street банк 12.5 хувийн чансаатай байсан бол American Express  банк 10.8 хувийн үзүүлэлтийг харуулснаараа чан­саагаа илтгэн жагсаалтыг тэр­гүүлцгээжээ. Дээрхи банкуудын дунд явуулсан сорилтын талаар эдийн засгийн шинжээчид өөрсдийн үзэл бодлыг ч илэрхийлж эхэлсэн байна.

Нэр алдартай “The Economist” сэтгүүлийн Мэтью Бишоп энэ талаар ярихдаа, “Citigroup хүртэл ийнхүү сорилтод бүдэрч байгаагийн шалтгаан нь үйл ажиллагаатай нь холбоотой. Citigroup хөрөнгө оруулагчдад хэтэрхий их мөнгө буцааж өгөх төлөвлөгөө гаргасан нь гол алдаа нь болж байна. Хөрөнгө оруулагчдад одоо болтол ямар ч мөнгө буцааж өгөөгүй байгаа, ер нь ч бараг л ингэж чадах нь худлаа болох биз дээ” гэжээ.

Дээрхи сорилын мэдээлэл нь олон нийтэд ил болсны дараа хувьцаа эзэмшигчдэд тэр дороо нөлөөлж эхэлсэн байна. Банкны хувьцаа эзэмшигчид өөрсдөд нь ноогдох банкуудын хувьцааны ашиг нэмэгдэхээсээ өнгөрлөө гэж ойлгон дээрхи мэдээллийг тусган авсан ажээ. Эрсдлийн сорилын талаархи мэдээллийг АНУ-ын төв банк өнөөдөр буюу пүрэв гаригт гаргахаар зэхэж байсан боловч  мягмар гаригт америкийн санхүүгийн бас нэг томоохон төлөөлөл болох JP Morgan банк дээрхи сорилыг давж гарсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэнээс болж мэдээлэл тараах товыг наашлуулсан ажээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж