Цагдаагийн дарга нар шүүхээс эмнэлэгт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нар шүүхээс эмнэлэгт шилжлээ

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас таван хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагт эхэлсэн. Хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Л.Өлзийхүү, Ц.Итгэл, Д.Энхтунгалаг, хохирогч Ц.Энхбаяр нарын  гурван хүн, тухайн өдөр будуулж шархадсан дөрвөн залуу, хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүү нар хүрэлцэн ирсэн байлаа. Шүүх хуралтай зэрэгцэн Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа цагдаа болон хохирогчдын ар гэрийнхэн хоёр хуваагдан жагсч,  эсэргүүцэл илэрхийлж байв.
Гэрчүүд шүүх хуралд ирсэнгүй

Энэхүү хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд болох байсан ч  хоёр өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй, тухайн үеийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар хойшлуулсан. Эх сурвалжийн мэдээллээр гэрчээр дуудагдсан дээрх нэр бүхий эрхмүүдээс  МАХН-ын дарга Н.Энхбаяр хүрэлцэн ирсэн ч шүүх хурал  үргэлжлээгүй учир явсан  байна. Харин С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэнгүй.

Г.Ганбаатарын хэргийг  тусад нь хэлэлцэхээр болов

Өнгөрөгч сарын 27-нд болох байсан  хойшлогдсон долдугаар сарын 1-ний хэргийг шүүх хурлыг олон нийтийн өмнө ил тод нээлттэй явуулах хүсэлтийг олон талаас тавьсан. Өчигдрийн хурлыг хагас нээлттэй явуулахаар болсон тул хэвлэл мэдээллийнхэнд нээлтийг нь авах боломж  олгосон юм. Шүүх бүрэлдэхүүн хурлыг эхлүүлэх үед  шүүгдэгч Г.Ганбаатар “манай өмгөөлөгч Д.Оросоо албан ажлаар 21 хоног явсан тул шүүх хурлыг хойшлуулж өгөн үү” гэх хүсэлтийг  тавьсан. Энэхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авах боломжгүй гэж үзээд Г.Ганбаатарын хэргийг тусад нь хэлэлцэхээр болов. Харин Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн боловч цагдаагийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нарын эсэргүүцлээ. Г.Ганбаатарын хэргийг тусад нь хэлэлцэх тул шүүх танхимаас гаргасан юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж прокурорын байгууллага үзсэн. Харин цагдаа нар бид  галт зэвсэг хэрэглээгүй гэх юм?

-Цагдаа буудсан гэдэг асуудал тогтоогдоогүй. Цагдаа нар  үймээнийг тараасан, гэвч  одоо буудсан хэрэгт ороод байна. Цагдаа жагсаалыг  тараасан нь үнэн, тэр бол цагдаагийн үүрэг. Жишээ нь, 34 ширхэг  сумны хонгионы тал нь нийслэлийн  хэмжээнд байгаа  бүх  буутай  таарахгүй л  байгаа. Хэнийх гэдгийг тогтоохгүй байж цагдаа буутай явсан, цагдаа буудсан гэж тохож байгаа нь орчин үеийн хэлмэгдүүлэлт.

-Цагдаа галт зэвсэг  хэрэглээгүй  гэдгийг та 100 хувь батлах  уу?

-Хэрэглэсэн, хэрэглээгүй гэдгийг нэг мөр ойлгоход эргэлзээтэй. Цагдаагийн алба хаагчид галт зэвсэгтэй явсан, сургалтын сум хэрэглэсэн нь үнэн. Энэ нь нэг талааас хэрэглэсэн гэж ойлгогдохоор. Галт зэвсэг хэрэглэсэн боловч байлдааны сум хэрэглээгүй гэдэг зааг ялгааг ойлгохгүйгээр хэрэглэсэн гэж мушгин гуйвуулаад байгаа.

-Х.Тэмүүжин гишүүн цагдаагийнхан байлдааны сум хэрэглэсэн гэдгийг нотлох баримт байгаа талаар ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Х.Тэмүүжин гишүүн шалгуулах шаардлагатай юмаа албан ёсоор шалгуулах хэрэгтэй  л дээ. Гэхдээ Х.Тэмүүжин гишүүнийг буруу ойлгож, буруу ярьж байна гэж хэлнэ. Нөгөө талаас цагдаагийн байгууллага урьд өмнө байгаагүй зохион байгуулалттай жагсаалд нүцгэн гараараар орсон. Нэг үгээр хэлбэл хүний баасан дээр хальтраад уначихсан. Хэн нэг  хүний зохион байгуулсан  эмх замбараагүй байдлыг намжаахаар нүдээ  аньж орсон.

-Таны удирдаж байсан Хэв журам хамгаалах газар ямар чиг үүрэгтэй ажиллаж байв. Энэ хэрэгт таны оролцоо юу байдаг вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд  хуулиар хүлээсэн үүргээ  гүйцэтгэсэн цагдаа нарын л нэг хэсэг байсан шүү дээ. Тухайн үед хамгийн халуун цэгт үүрэг  гүйцэтгэсэн. Хэрэгт ямар оролцоо байсныг прокуророос асуух хэрэгтэй байх. Цагдаагийн удирдлага, алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ  биелүүлсэн л оролцоо байгаа.

-Цагдаагийн удирдлагуудад заавар чиглэл өгсөн хүнийг нэрлэж болдоггүй юм уу?

-Би цагдаа цэрэг биш л  гэж хэлмээр байна. Тусдаа хуультай, тусдаа тангарагтай, тусдаа  ажилтай хүмүүс.

О.Зоригт шүүгчийг заналхийлсэн тул цагдан хорихоор шийдвэрлэлээ

Шүүхийн танхимаас сэтгүүлчдийг гарган хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх болов. Удалгүй хохирогч Ц.Энхбаяр, түүний өмгөөлөгч О.Баасанхүү нар шүүх танхимаас гарч ирснээр тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсныг сэтгүүлчид мэдсэн юм. Г.Ганбаатарын хэргийг тусад нь шийдэх болсныг шүүгдэгч, тэдний өмгөөлөгч эсэргүүцсэн. Энэ үеэр шүүгдэгч О.Зоригт шүүх  бүрэлдэхүүнд үл хүндэтгэлтэй хандсан учир цагдан хорих арга хэмжээ авах шийдвэр гаргасан аж. Зарим хүмүүсийн хэлснээр тэрээр шүүгчийг заналхийлсэн гэнэ. Энэхүү шийдвэрийг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар эсэргүүцэн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэл  гаргав. Ийнхүү  Ч.Амарболд нарыг цагдан хорих тухай  захирамж гардан авахыг хүлээж байна хэмээн багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бүхний дараа шүүгч Ч.Хосбаярыг шүүхийн танхимаас гарч явах үед тэнд цугласан энгийн хувцастай хүмүүс дайрч, зарим нь шүүгчийг цохиод авав. Энэ үед цагдаагийн алба хаагчид байсан ч түүнийг огтхон ч хамгаалсангүй.

Өмгөөлөгч нар Ерөнхий шүүгчид хандав

Хэрэгт холбогдсон дөрвөн хүний нэг болох Г.Ганбаатарын хэргийг тусгаарласан, Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарт цагдан хорих арга хэмжээ авах болсныг шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, ар гэрийнхэн эсэргүүцэж Ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм. Тэд шүүгчийн  захирамжийг хүчингүй болгохыг  шаардаж байлаа. Хуулиараа Ерөнхий шүүгч асуудлыг хүлээж аваад  48 цагийн дотор хариу өгнө. Өдрийн 14.00 цагийн орчим цагдаагийн дарга нарын даралт ихэсч, биеийн байдал нь муудсан тул Яаралтай түргэн тусламж 103 дуудав. Тэдний ар гэрийнхний ярьснаар хурандаа нар сэтгэл санааны хүнд цохилтод орсноос даралт нь ихэсч, сахарын  өвчин нь сэдэрчээ. 


Цагдаагийн дарга нар цагдан хорих руу бус эмнэлэг рүү явлаа

Энэ хооронд нийслэлийн шүүхийн шүүгч н.Батцэрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хүрэлцэн ирж нөхцөл байдалтай танилцсан юм. Тэрбээр цагдан хорих тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох эсэхийг шийдээгүй. Харин эхний ээлжинд  шүүгдэгчдийн биеийн байдлыг харгалзан, эмнэлэгт хүргэх ёстой гэж үзсэнээр 15.30 цагийн үед түргэн тусламжийн машин сууцгаан явж одлоо. Түргэн тусламжийн машинаар тэднийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хүргэсэн юм. Цагдан хорих руу ачигдах дөхсөн дарга нарын бие муудсанаар эмнэлэг рүү явж  одлоо. Уг хэрэгт даргалагч шүүгчээр оролцсон шүүгч Ч.Хосбаярыг шүүхээс гарч явах үед жагсагчид  бүчин, зарим нэг нь биед нь халдаж байлаа. Эргэн тойрон цагдаа нар байсан ч түүнийг хэн ч хамгаалаагүй. Хэрэв хурандаа нарыг цагдан хорих төв рүү ачвал нийслэл хот дахь цагдаагийн албан хаагчид ажил хаяхад бэлэн  гэдгээ ч илэрхийлж байлаа.

Цагдаагийн дарга нарын байр суурь


Цагдан хоригдох болсон Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарын  байр суурийг сонирхсон юм.

Өнгөрсөн  хугацаанд  хэвлэлд нэг ч удаа ярилцлага өгөөгүй Ч.Амарболд “Бид хуулийн болон мөрдөн байцаалтын ажиллагаа аль алинд нь өдийг хүртэл хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Гэтэл хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлийг шинээр гаргаж ирээд биднийг цагдан хорих арга хэмжээ авлаа. Юуны өмнө Дээд шатны шүүхэд гомдол гаргалаа” гэсэн юм. Ч.Амарболдоос зарим асуултад хариулт авлаа. 

-Үнэхээр буудах тушаал өгөөгүй юу? 

-Би буудах тушаал огт өгөөгүй гэдгээ олон удаа хэлсэн. Байлдааны сум тавьж, өгч болохгүй шүү гэдэг үүргийг удаа дараа өгч байсан. Манай цагдаагийнхан ч миний үүргийг дагасан гэдгээ баталдаг. Мөн тухайн үед Ерөнхийлөгчийн гаргасан  үймээнийг тараах ажиллагаанд  манай дотоодын цэрэг оролцоогүй. Ийм учраас энэ хэрэг угаасаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэлэхэд болно.

О.Зоригт: Гал тавьсан эзнийг олох хэрэгтэй 

-Бид бүгдээрээ 20-30 жил хуулийн байгууллагад ажилласан, хэрэг түвэг шалгадаг, шалгах ажиллагааг удирддаг  байсан хүмүүс. Эрүүгийн хуульд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж байдаг. Тэр нь хүнийг үндэслэлгүйгээр яллагдагчаар татах, хэрэгт холбогдуулж шалгахыг хэлдэг. Харамсалтай нь  хуулийг  нүдээ ч цавчихгүй зөрчиж байна. Ер нь аливаа юмны эхлэлийг ярих ёстой. Жишээ нь, гал гарлаа гэхэд тэр галыг хэн тавив, ямар хохирол учруулав гэж ярьдаг. Үүнийг ямар ч эрүүл ухаантай хүн ойлгох байх гэж бодож байна. Гэтэл өнөөдөр галыг хэн унтраав гэдгийг яриад байна. Тэгвэл гал тавьсан эзнийг нь яах гээ вэ. Хуулиараа бол дүүргийн ерөнхий шүүгчид хандах ёстой. Манай өмгөөлөгч нар хандаж байгаа”

Ш.Батсүх: Би буудах тушаал өгөөгүй 

-Таныг цагдаа нараа зоригжуулж, буудах тушаал өгсөн гэж ярьдаг?

-Үүнийг хэн ч тогтоогоогүй. Шалгаад тогтоогоод өг гэж би  прокурорт удаа дараа хүсэлт гаргасан. Х.Тэмүүжин гишүүний яриад байгаа асуудлаар хандахаар тоодоггүй. Мөрдөн байцаагч нь инээгээд марзагнаад байдаг юм. Би буудаж алаагүй учраас баталгаатай хэлж байна.

-Гадаа маш олон цагдаа, цагдаагийн ар гэрийнхэн ирсэн байна. Тэд байдлыг хурцдуулж магадгүй юм?

 -Би харин баярлаж байна. Манай цагдаа нар хамгаална шүү дээ. Тэнд  жагсаал цуглааныг далимдуулж маш олон дээрэмчид ирсэн байсан. Намын байр шатаад дуусч  байхад дотроос нь 50-60  хүн дээрэм хийсэн нь үнэн гэж хэлээд гарч байсан. Тэр хүмүүсийг Онцгой байдлынхан аварсан байхад шагнаагүй. Нас барсан таван хүний нэг нь   дээрэм хийж яваад угаартаж нас барсан.

-Прокурорын байгууллагаас энэ хэргийн талаар хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ цагдаагийн удирдлагууд гэм буруугаа хүлээгээд, хэргийг нь өршөөлд хамруулсан гэж байсан л даа?

-Бид хэрэг хүлээгээгүй шүү дээ. Тэр үед  Өршөөлийн хууль гарсан. Та нар хуулиа хэрэгжүүл гэсэн. Түүнээс бид буруугаа хүлээсэн зүйл байхгүй. Биднийг дуугарвал арга хэмжээ авна гээд байсан. Тиймээс дөрвөн жил гаруй нэг ч үг дуугараагүй. Гэтэл Мөрдөн байцаах алба дандаа л “цагдаа нар хүн буудсан, тогтоогдсон” гэж ярьдаг. Тогтоогдоогүй шүү дээ. Тэр хар машинуудыг нэг ч удаа шалгаагүй. Бид насаараа хэрэг шалгасан хүмүүс. Ганцхан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгадаг юм биш. Би л гэхэд 12 жил Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын ажлыг хийсэн. 1990 оноос хойш энэ ардчилал гээчийн бүх хамгаалалтыг хийж байсан. Аль ч намын үед алийг нь ч өмгөөлж хамгаалахгүй цагдаагийнхаа үүргийг гүйцэтгэж ирсэн.
 
Цагдаагийн дарга нар ийм байр суурьтай байна. Тэд бид  үүргээ гүйцэтгэсэн, Ерөнхийлөгчийн зарлигыг биелүүлсэн гэх үгийг давтаж байв. Шүүх хуралд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон О.Баасанхүүгээс цагдаагийн дарга нарт цагдан хорих арга хэмжээ авсан нь үндэслэлтэй эсэх асуудлаар тодрууллаа.

О.Баасанхүү: Шүүхийг үл хүндэтгэсэн тул цагдан хорих болсон

-Та шүүх хуралд ямар байр суурьтай оролцож байгаа вэ?

-Нэгдүгээрт бодит хохирлоо гаргуулна. Хоёрдугаарт жинхэнэ гэм буруутай этгээд хариуцлагаа хүлээх ёстой гэдэг байр сууринаас хандаж байна. Хохирогч Ц.Энхбаяр надтай ийм л гэрээ байгуулсан.

-Г.Ганбаатараас бусад гурван шүүгдэгчийг цагдан хорихоор болсон. Үүний үндэслэл юу вэ?

-Шүүгдэгч шүүх бүрэлдэхүүнд  үл хүндэтгэлтэй хандсан. Тиймээс шүүх хэрэг шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж  байна гэж үзээд цагдан хорих болсон. Шүүхийг үл хүндэтгэсэн гэдэг нь шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд саад учруулж байна гэж үзэж буйтай адил. Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бол  48 цагийн дотор хариу өгнө.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж