Мал төллөлт дөнгөж 10 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Мал төллөлт дөнгөж 10 хувьтай байна

Хөдөөд нялх төлийн дуу ид цангинаж байна. Малчид нялх төлөө хүлээн авах их ажилд дарагдаад байгаа. Хэдийгээр хахир өвлийг малчид өнөтэй сайхан давсан ч хаврын хавсаргатай өдрүүд шинэ төл хүлээн авах ажилд ихээхэн бэрхшээл учруулдаг. Хавар хамгийн эгзэгтэй, хамгийн тогтворгүй улирал байдаг. Мал төллөлтийн байдал ямар байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Биньегээс тодрууллаа.


-Хөдөө орон нутагт мал төллөлт хэдэн хувьтай байгаа бол. Зарим нутагт сар шинийн дараахнаас л мал төллөөд эхэлчихсэн сурагтай?

-Баруун аймгийнхан анхныхаа төл малыг аль хэдийн хүлээж авсан бол зарим аймагт мал төллөх яагаа ч үгүй байгаа. Тухайлбал, Ховд, Завхан аймагт ид мал төллөж байна. Харин зүүн аймгийн зарим сумынхны мал дөрөвдүгээр сараас л төллөж эхэлдэг. Тэгэхээр нутаг бүрт мал төллөлтийн байдал харилцан адилгүй байна.

-Өнөөдрийн байдлаар мал төллөлт хэдэн хувьтай байна вэ. Хөдөөд цаг агаарын байдал хэр байна?

-Улсын хэмжээнд бол арваадхан хувьтай л байгаа. Харин аймаг сумын хэмжээнд өөр өөр байгаа юм. Энэ хавар дулаахан сайхан болж байна. Цагаан агаарын байдал энэ хэвээр үргэлжилбэл хаврыг дажгүй давчих боловуу гэж бодож байгаа. Гэхдээ цаг хаа ч болоогүй байна шүү дээ.Цаг агаар цаашдаа яаж хүйтрэхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Уг нь мал төллөх үеэр цаг агаар тогтуун сайхан байвал сайн байна.

-Зарим аймагт хаваржилт хүндхэн байгаа гэсэн үү. Малчид мал төллөлт удаашралтай байна гэх юм?

-Тийм зүйл одоогоор мэдэгдээгүй. Ямар ч байсан малчид маань мал төллөлтөд бэлтгээд эхнээсээ нялх төлөө хүлээн авцгааж байна. Ер нь мал төллөлт удаашралтай байгаа нь үнэн. Сар шинийн дараахан хөдөөд нэг хэсэг хүйтэрсэн шүү дээ. Тэр үеэр мал хээл хаясан байгаа. Гэхдээ тийм ч их биш.

-Энэ жил Монгол Улс хичнээн төл мал хүлээн авах вэ?

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан урьдчилсан тооцоогоор 15 сая хээлтэгч байгаа. Байж болох хорогдлыг тооцоод гаргахаар  шинэ төл хүлээж авах нь 100-д 85 хувьтай байдаг. Ямар нэгэн тоо хэлмээргүй байна. Яагаад гэвэл хавар бол тогтворгүй улирал. Заримдаа тавдугаар сард цасан шуурга болоод мал хорогдох нь ч байдаг шүү дээ. Цаг агаарын мэдээг малчид сайтар сонсох хэрэгтэй. Шинэ мал хүлээн авах бэлтгэлээ сайн базаах шаардлагатай байгаа. Мал хамгийн их хорогддог улирал  хавар шүү дээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж