Серена гэмтлээс эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Серена гэмтлээс эргэн ирлээ

Дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж буй АНУ-ын теннисчин Серена Уильямс өнгөрсөн нэгдүгээр сард гэмтэл авч, багагүй хугацаанд талбайн тенниснээс хөндий байсан билээ. Харин бэртэл эдгэснээр талбайдаа эргэн ирж, эхний ялалтаа авсан байна. Италийн нийслэл Ром хотноо зохиогдож буй Италийн нээлттэй тэмцээнд тэрбээр Швейцарийн Тимеа Бакшинскитэй тоглож, 7-6; 6-1 харьцаатай хожсоноор гуравдугаар тойрогт шалгарчээ. Түүний эгч Венус Уильямс мөн Швейцарийн теннисчин Пэтти Шнайдерийг буулган авч, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Венус тэмцээний гуравдугаар тойрогт Израйлийн тамирчин Шахар Пиртэй тоглох юм. Пирийн хувьд 2-6; 7-5; 6-3 харьцаатай Полона Херкогийг хожсоноор гуравдугаар тойргийн тоглолтод өрсөлдөх эрхтэй болсон байна. Түүнчлэн Сербийн Елена Янкович АНУ-ын Бетани Маттек-Сэндстэй тоглож, 6-3; 3-6; 6-1 харьцаатай хожсон бол дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж байсан ОХУ-ын Динара Сафина Румыны теннисчин Александра Далгеруд 6-4; 6-7; 6-1 харьцаатай ялагдаж, тэмцээнийг орхисон байна.
Хоёр сая ам.долларын шагналын сантай Италийн нээлттэй тэмцээн энэ сарын 8-нд өндөрлөж, тэмцээний аваргууд тодрох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж