Аливаа асуудлын үнэн, мөнийг олохын тулд харин ч шүүхтэй хамтран ажиллах ёстой цагдаа шүүхийг илтэд үгүйсгэх нь яав ч зүй бус хэрэг биш гэж үү. Асуудал тэднийг яллахад бус буруутай эсэхийг тогтооход чиглэж буйг мэдсээр байж үгүйсгэх нь өөрөө эрүүл үйлдэл мөн үү. Цагдаагийн удирдлагууд долдугаар сарын 1-нд буудуулсан дөрөв, угаартан амиа алдсан нэг хүний үхэлд буруутай юу. Тэд буудах тушаал өгсөн үү, өгөөгүй юу. Эсвэл дээрээс ирсэн тушаалыг л биелүүлсэн үү гэхчилэн үнэнийг хайсан олон асуултын хариултыг уг нь энэхүү шүүх хурлаас олно гэж нийгэм хүлээж байна. Эдгээр асуултынзарим хариултыг цагдаагийн удирдлагууд мэднэ. Тиймээс ч тангараг өргөсөн төрийн тусгай алба хаагчдын хувьд бодит үнэнийг гэрчлэх л ёстой. Өөрсдийгөө хийгээд, өөр хэн нэгнийг хамгаалах нь тэдний хийх ажил биш. Гэтэл хууль сахиулагчид маань мэргэн төлөгчид аятайзөвхөн “Биднийг хэлмэгдүүлэх гэж байна” гэж хашгирах нь үнэхээр ёс зүй, хууль, журмыг биелүүлдэг, түүнийг сахин хамгаалдаг эсэхэд нь эргэлзэхэд хүргэж байгааг даанч анзаарсангүй.
Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих захирамжийг өчигдөр гаргалаа. Үүнийг эсэргүүцсэн цагдаа, тэдний ар гэрийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна жагссан. Төрийг төлөөлсөн дүрэмт хувцастайгаа шүү. Тэр ч бүү хэл, тангараг өргөсөн төрийн цагдаа ажил хаях тухай яриад эхэллээ. Үүнийг нь өөхшүүлэх мэт “Шүүхийн буруу шийдвэрээс болж цагдаа нар бослого гаргаж болзошгүй” гэж илтэд нийгмийг өдөөн хатгасан хийгээд утгагүй дүгнэлт гаргасан мэдээлэл гаргаж байгаа нь асуудлыг улам хурцатгаж байна. Цагдаагийнхан шүүгдэгчдийг захирамжийн дагуу цагдан хоривол “ажил хаяна” гэдгээ шүүхийн гадна цугласан гэдгээ мэдэгдлээ.
Шүүхийн шударга бус байдлыг ярьж, шүүхийн шийдвэрт илтэд нөлөөлөхүйц үйлдэл хийгээд байгаа цагдаагийнхан яагаад дээрээс үүрэг өгсөн эсэхээ ярихгүй байна вэ. Үймээний дараа цагдаагийнхан галт сум хэрэглээгүй гэж мэдэгдээд байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нар худлаа мэдэгдэл хийснийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрынхан тогтоочихсон. Бүр хөдлөшгүй баримтаар нотолсон. Ийм байхад шүүх шударга бусаар яллаж байна гэдэгт итгэх үү, эргэлзэх нь зүйтэй юу?!
Шүүхийн шийдвэрийг Ч.Амарболд эсэргүүцэн “Улсын яллагч, хохирогчид нь шүүх бүрэлдэхүүнийг хууль бус шийдвэр гаргалаа гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргаж байна. Шүүгчийн энэ үйлдэл хууль бус гэдгийг Улсын яллагч, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүс хүртэл хэлж, хууль бус шийдвэр гаргасан энэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж байна” гэжээ. Мэдээж тэд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эрхтэй. Харин шүүхийн шийдвэрийг хууль бус гэдгийг шүүдэг хүн нь тэр биш. Харин шүүх хурлыг нээлттэй явуулах саналыг нь олон нийт дэмжих нь гарцаагүй. Бүх зүйл төрийн хийгээд цагдаа нарын нууц болон үлдвэл асуудал асар буруу жишиг тогтоох нь гарцаагүй. Тиймээс л цагдаагийн удирдлагууд долдугаар сарын 1 шиг явдлыг давтуулахгүйн тулд асуудалд бодитоор хандах нь чухал. Нийгэмд буруу жишиг тогтоохуйц мэдэх ёсгүй үнэн байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс л харин ч үнэнийг, буудах тушаал өгсөн хүнийг нууцлах гэхдээ ингэж байна гэж хардахаар байна. Энэ бүхэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлсэн үгнээс тодорхой боллоо. “Хэрвээ энэ асуудлыг нууцын зэрэглэлээс гаргавал энэ асуултад хариулт өгөх боломж үүсэх юм” Н.Энхбаяр мэдэгдэж буй юм. Үүнээс нь үзвэл ямар нэгэн байдлаар буудах тушаал өгсөн байж болзошгүй боллоо. Хэрэв буудах тушаал өгсөн бол тэрхүү эрх мэдэлтнийг хэлэх ёстой цагдаагийн удирдлагууд огт өөрийг яриад байгаа нь өөрсдөө хэргийг нуун дарагдуулах гэсэн оролдого гэмээр. Тэдний ар гэрийнхэн үүрэг өгсөн хүнээ хэлэхийг ятгахын оронд өөхшүүлэх мэт жагсаал цуглаан хийж, УИХ-аар асуудлыг шийдэхийг оролдоод буйг шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн ордлого гэхээс өөрөөр хэлэх үг олдсонгүй. Монголын цагдаа яагаад үнэнийг нууцлахыг хүсэв гэдгийг л юун түрүүнд тунгааж, асуудалд хууль сахиулагчийн үүднээс хандахыг цагдаагийн удирдлагуудад зөвлөмөөр.
Өршөөгдөх болохоороо хэргээ хүлээдэг, шүүхээр шийдүүлэх болохоор үгүйсгээд байдаг бол хууль сахиулагч гэх эрхэм нэрний хэрэг юусан билээ. Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагаа биелүүлж, зөвхөн үнэнийг өчих цаг энэ биш үү.