Бахрейны шиитүүд хувьсгалд бэлтгэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.15-нд нийтлэгдсэн

Бахрейны шиитүүд хувьсгалд бэлтгэгджээ

Бахрейнд хэд хоногийн турш олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж байна. Вант улс дахь үймээн бүс нутагт ноцтой байдалд хүргэж магадгүй нь. Эсэргүүцэгчдийн олонхи нь шиитүүд бөгөөд тэд суннитийн цөөнх болох эрх баригч засаглалд хязгаарлалт хэрэгтэй гэж шаардаж байгаа ажээ. Шиитүүдийг Иран дэмжиж байгаа ба вангийн гэр бүлийн отог Саудын Араб болон АНУ-ын дэмжлэгт тулгуурладаг. Бахрейнд Америкийн V флотын штаб байрлаж байна.

Бахрейны цагдаагийнхан Засгийн газрын эсэргүүцсэн жагсагчдыг тараахын тулд нулимас асгаруулагч хэрэглэжээ. Эрх баригчид нь өнгөрсөн оных шиг  энэ үймээн хяналтаас гарч болкошгүй гэж айж байна. Өнгөрсөн онд болсон үймээнээр 45 хүн амь үрэгдсэн юм. Тухайн үед эрх баригчид сөрөг хүчнийг номхотгохоор Саудын цэргийг оруулж ирсэн юм. Тэр үед хувьсгалыг газар авахаас нь өмнө дарж чадсан ч шалтаг гарвал хэзээ хэзээгүй дахин хувьсгал хийхэд бэлэн байна. Хамад бен Иса аль-Халифа вангийн хамжлагт 569 мянган хүний 70 хувь нь шийтүүд бөгөөд өөрсдийг захирч буй цөөнхөд дургүйцэж буй юм. Тэд ардчилсан өөрчлөлт шаардан засгийн эрх мэдлийг өөрсдийн талд ашигтайгаар хуваарьлахыг хүсч байна.

Өнгөрсөн жилийн үймээний дараа вантан зарим нэг өөрчлөлт хийсэн ч шиитүүд хангалтгүй гэж үзлээ. Засгийн газар болон хүчний байгууллагын чухал албан тушаалууд өмнөхийн адил суннитүүдийн гарт байна. Тиймээс ч жагсагчдын уриа улам бүр радикал болж байгаад гайхах хэрэггүй. Өнгөрсөн хоногуудад тус орны нийслэл Манамад болсон цуглаанууд 40-100 мянган хүн цуглуулсан байлаа.  Тэд “Хамада зайл!” гэсэн уриа цуурайтуулж, хаанаа эрх барихаас татгалзахыг шаарджээ.

Бахрейны удирдлага  сөрөг намуудыг Ирантай холбоотой, түүний улс төрийн захиалгыг биелүүлж байна хэмээн нэг биш удаа мэдэгджээ. Гэхдээ үүнийгээ батлах хангалттай баталгаа гаргаагүй. Тегеран харин Бахрейн дахь шүтлэг нэгтнүүддээ “сэтгэл санааны дэмжлэгээ” илэрхийлэн энэ жилийн ба өнгөрсөн жилийн үймээнүүдэд хамаагүй гэдгээ хэлэв. 

Ер нь бол энэ жилийн Бахрейны үймээн нь Ираны хувьд цагаа олсон бололтой. Арлын энэ орон Персийн булангийн стратегийн чухал бүсэд байрладаг бөгөөд тэнд Америкийн Тэнгисийн цэргийн 5-р флотын штаб байрладаг. Олон хүний хүлээж байгаагаар ойрын саруудад Израиль ба АНУ Ираны цөмийн байгууламжид цохилт өгвөл Бахрейн америкчуудад чухал үүрэгтэй болно.

Аралд шиитүүд засаг авч магадгүй хэмээн айснаас өнгөрсөн оны хэрэг явдлаар америкчууд Тунис, Египт, Ливи ба Сири зэрэг орнуудыг “ардчилалын төлөө тэмцэгчдийг” дэмжсэн шигээ Бахрейнд тууштай байж чадаагүй билээ. Вашингтон сулхан дуугарсан учраас хүний эрхийн төлөө тэмцэгчидээс хоёр нүүр гаргасан гэх шүүмжлэл сонссон юм. Энэ удаа Бахрейны  сөрөг хүчнийг дэмжиж байгаагаа Иранаас гадна шиитийн олонх болох Ирак илэрхийлэв. Багдадад хэдэн мянган жагсагчид Хамада ванг гуравдугаар сарын сүүлчээр болох Арабын лигийн орнуудын саммитад  ирүүлэхгүй байхыг шаарджээ.

Бахрейны хэрэг явдлыг шиитүүд  нефтиэр баян зүүн хэсэгт нь бөөгнөрөн амьдардаг хөрш Саудын Араб анхааралтай ажиглан харж байна. Өнгөрсөн жил тэндхийн зарим нэг хотод бас үймээн гарч шиитүүд ба цагдаа нарын хооронд жинхэнэ гудамжны байлдаан хийгдсэн билээ. Эр-Рияд “самуун дэгдээгчдийн” ард саудчуудын исламын ертөнцийн нөлөөний төлөөх геополитикийн гол өрсөлдөгч Тегеран байсан гэдэгт эргэлзээгүй билээ. Тэр тэмцлийнх нь нэг фронт бол Саудын Арабын эргээс дөнгөж 18 км-ийн зайтай, гүүрээр холбогдсон  Бахрейн. Саудын армийн ”хязгаарлагдмал” тооны цэрэг Хамада ванд “үймээн дэгдээгч нарыгаа дарж авахад нь тус болсон юм. Саудын  жононгууд ирээдүйд Ираны аятоллагийн “тав дахь цуваатай” нь тэмцэхэд туслана гэдгээ “ахан дүүс отогтоо” ойлгуулж байгаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж