Цагдаагийн ар гэрийнхэн УИХ-д хандлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ар гэрийнхэн УИХ-д хандлаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм. Улмаар шүүгдэгчдийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан бүгд эмнэлэгт хүргэгдээд байна. Өнөөдөр 17.00 цаг өнгөрч байхад Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл, Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс хөдөлгөөнийг төлөөлж Л.Эрдэнэтуул, Ш.Батсүхийн дүү Ш.Баттулга, гэргий М.Алтанцэцэг, Ч.Амарболдын ах Ч.Энхболд нар Төрийн ордонд ирж, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой уулзаж байр сууриа илэрхийллээ. Уг нь тэд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай уулзах гэсэн ч гадаадад томилолттой яваа тул тийнхүү Тамгын газрын дарга хүлээн авч уулзсан юм.

Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэлийн танилцуулснаар шүүх хурлын үйл ажиллагаанд алдаа гарсан гэсэн сэтгэгдэл шүүгдэгчдийн ар гэрийнхэнд төрсөн байна. Цагдаагийн ар гэрийнхэн, хамт алба хааж байсан цагдаа нар шүүхийн гадна цугларсныг мөн хэлэв. Тэрбээр мөн “Хууль зөрчсөнөөс болж цагдаа, иргэд талцах байдал үүссэн. Хүн буудсан, хүний амь нас үрэгдсэн асуудалд цагдаагийн дарга нарыг буруутгаж байна. Заримыг нь цэргийн гэмт хэргээр буруутгах хүсэлт ирсэн байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг гаргасан гэсэн. Түүнийг ажиллуулаач. Тангаргаар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж байсан цагдаагийн ажилтнууд хэрэгт татагдаж байна. Үүнийг хянаж анхаарч өгөөч гэж Хууль зүйн байнгын хорооны даргаас хүсэхээр ирсэн. Долдугаар сарын 1-ний хар ул мөрийг даах эзэн нь цагдаагийн байгууллага болж хувираад байна. Энэ үнэн юм уу гэдгийг ул суурьтай хянаж үзээч. Ажил хэрэг болгооч. Өмгөөлөгч нарын үгээс үзвэл дүүргийн шүүхийн хараат бус байдалд нийслэлийн шүүхийн зүгээс халдаж захиргаадаад үүрэгдээд байгаа юм байна. Хууль эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудал гарах вий” гэж хэлж байв.

Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс хөдөлгөөнийг төлөөлж Л.Эрдэнэтуул шүүх хурлыг нээлттэй хийх асуудлаар хөдөлгөөнүүд хүсэлт тавьж байсныг дурдаад гэтэл хурал хаалттай болсныг буруу гэлээ. “Яагаад улстөрчдийн алдааг жирийн иргэд, тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид үүрэх ёстой юм бэ. Үүнд УИХ зохих дүгнэлт хийх ёстой. Олон хүний хувь заяагаар тоглож болохгүй” гэж Л.Эрдэнэтуул хэлж байв. Шүүгдэгч Ш.Батсүхийн дүү Ш.Баттулга даалтад байсан хүмүүсийг яагаад цагдан хорих болов гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийллээ. Ард иргэдээс нуух зүйл байхгүй тул шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гээд үймээний үеэр 500 гаруй цагдаа биедээ гэмтэл авч, гэмтлийн улмаас хоёр цагдаа нас барсан. Хүүгээ алдсан хохирогч Ч.Энхбаяр цагдаа буруугүй, төр, хэдхэн хүн буруутай гэдэг. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил, тухайн үеийн ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнийг яагаад гэрчээр байцаахгүй, цагдаа нарыг хилс хэрэгт гүтгэж доромжлоод байна вэ. 1937 он одоо давтагдаж байна. Ц.Элбэгдорж, О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарт яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн зарлигаар гаргасан Өршөөлийн хуулиар өршөөгдсөн хэргийг сэргээж байна. Нийслэлийн шүүгч н.Батцэрэн дарамталж байна” гэлээ.

Ч.Амарболдын ах Ч.Энхболд “Монголд жинхэнэ нээлттэй шүүх засаглал байна уу. Шүүх үйл ажиллагаанд дээрээс нөлөөлж байгаа байдал ажиглагдаж байна. Хохирогчдын тал шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаныг хүлээж авсан. Тэгсэн атлаа даалтад байсан хүмүүст хорих ял оноож байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг гэм буруутай гэдэггүй. Гэтэл прокурор Б.Галдаа цагдаа хүн буудсан гэж ярьдаг. Энэ нь цагдааг буруутгах үндэслэл болоод байна. УИХ яаралтай ажлын хэсэг гаргаж үнэн мөнийг ард түмэн, цагдаагийн ар гэрийнхэнд мэдэгдэж өгөөч. Цагдааг буруутгаж ард нь үлдэх гээд байгаа гэрчүүдийг шүүх хуралд бүгдийг оролцуулж хурлыг нээлттэй хийлгэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байв. Мөн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. “Хорихгүйгээр шүүх хурлаа хийж болохгүй байсан уу. Насаараа цагдаад ажилласан, оргож зайлахгүй, шүүх үйл ажиллагаанд саад учруулахгүй хүмүүс шүү дээ” гэж ар гэрийнхэн учирлаж байсан юм.

Шүүгдэгчдийн нэгийнх нь эхнэр өчигдөр амаржсан, шүүгдэгчид бүгдээрээ чихрийн шижинтэй, даралт өндөртэй, эрүүл мэндийн байдал хүнд байгааг ар гэрийнхэн хэллээ. 103 дуудаж үзүүлэхэд бүгдийнх нь цусан дахь сахарын хэмжээ 20-22, даралт 180-200 байжээ.

Цагдаагийн ар гэрийнхэн УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх эрхтэй тул тэр шугамаараа ажиллах ёстой гэсэн санал хэлж байв. Мөн ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийн буудсан сумны хонгиог олсноо мэдэгдсэн. Тийм бол яагаад прокурорт өгч шалгуулж болдоггүй юм бэ гэж байлаа. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж Шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчимтай тул УИХ шүүх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх ёсгүй гэлээ. Цагдаагийн ар гэрийнхний санал, хүсэлтийг УИХ-ын дарга, Хууль зүйн байнгын хорооны даргад уламжилж өгнө гэдгээ мөн мэдэгдлээ. Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж байгаа. Сүүлийн хурлаа өчигдөр хийсэн гэдгийг мөн танилцуулсан юм.

“Дүүргийн шүүхийн шийдвэрийг хянадаг дээд шатны шүүх бий. Шүүгдэгчидтэй холбоотой асуудлыг нэн даруй нийслэлийн шүүхэд тавих ёстой. УИХ хөндлөнгөөс ингэх ёстой, тэгэх ёстой гэж хэлэх ёс байхгүй. Хууль зүйн байнгын хороо 2012 оны хоёрдугаар сарын 15-нд 23 тоот тогтоол гаргасан. Өршөөлийн хууль, бусад хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг ажиллаж байгаа. Шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгийн хэн ч оролцох ёсгүй. Хуулийн байгууллага хуулиа дээдэлж хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Та бүхний хүсэлтийг протоколоор УИХ-ын холбогдох хүмүүст танилцуулна” гэж Ц.Шаравдорж дарга хэллээ. Үүгээр уулзалт өндөрлөв.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж