Польш дахь Монголчууд спортоор өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Польш дахь Монголчууд спортоор өрсөлдөв

Польшид амьдарч, сурч буй Монголчуудын дунд жил бүр уламжлал болгон
зохион байгуулдаг Монголчуудын холбооны нэрэмжит цомын төлөө сагсан
бөмбөгийн найм дахь удаагийн тэмцээн үзэсгэлэнт Дольны Шлонск мужийн
Волув хотын Спорт, амралтын цогцолборт 2010 оны 5 дугаар сарын 1-2-ны
өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Дамбийням тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ  энэ удаагийн  тэмцээн Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн жил тохиож байгаа,  түүнчилэн цар хүрээ нь улам өргөжиж,  ширээний теннис, шатарын төрлөөр монголчууд хурд хүч, оюун ухаанаа сорьж буй нь онцлог юм гэдгийг тэмдэглэв.  

Сагсан бөмбөгийн төрлөөр нийт 14 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Эрэгтэйчүүдээс Ч.Амар ахлагчтай “Буяны сэтгэлт хүү” баг нэгдүгээр байр, Вроцлав хотын Э.Мөнх-Эрдэнэ ахлагчтай залуучуудын баг хоёрдугаар байр, Ц.Даваа ахлагчтай “Шинэ үе” баг гуравдугаар байранд тус тус шалгарав. Эмэгтэй сагсан бөмбөгчдөөс Лодж хотын Х.Мөнхжаргал ахлагчтай “Бурхантын бугнууд” баг тэргүүлж, Варшав хотын Г.Отгонсүрэн ахлагчтай “Гялбаа” баг удаалж, Краков хотын Г.Мөнхгэрэл ахлагчтай “Энержи” баг гуравлажээ. Шатрын тэмцээнд Пүлтүск хотын Хүмүүнлэгийн Академийн докторант Х.Батхишиг, ширээний теннисийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Варшавын Их Сургуулийн оюутан Б.Алтанхүү, эмэгтэйчүүдээс Лоджийн Политехникийн Их Сургуулийн оюутан И.Оюударь нар тэргүүн байр эзэлжээ.  

Элчин сайд О.Дамбийням тэмцээний хаалтын ажиллагаанд оролцож, түрүүлсэн баг, тамирчдад Польш дахь Монголчуудын холбооны нэрэмжит цом, алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйл, түүнчилэн  Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн нэрэмжит “Шилдэг тоглогч”-ийн тусгай шагналыг оюутан Х.Мөнхжаргал, Э.Ган-Эрдэнэ нарт гардуулсаныг ГХЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж