Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл явцыг дэлхийн мэдээллийн хэрэгслүүдэд хүргэж, Монгол Улсыг дэлхий дахинд таниулахад оруулсан онцгой хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Финланд Улсын иргэн, Дойче Велле агентлагийн сэтгүүлч, хатагтай Халаш Хелена Иръяаг Алтангадас одонгоор шагналаа.
Уг шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга гардуулж үг хэлэхдээ, “Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгал бол азийн цээжинд ардчиллын үлгэр жишиг болсон маш том үйл явц байсан. Өнөөдөр ч манай улс ардчиллын сорилт бэрхшээлийг даван туулж өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж энэ замаасаа ухралгүй улам бүр хөгжүүлэхийг зорьж байна. Тухайн үед Монголчуудын хүсэл тэмүүлэл, үнэт зүйлийг олон улс, дэлхий дахинд түгээх нь маш чухал үйл хэрэг байсан. Таны түүхэн үүрэг, гавъяаг тань Монголын ард түмэн, төр үнэлж ийнхүү шагнаж байна. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн баяр хүргэлээ.
Эх сурвалж: www.president.mn