Ярилцлагаа танай компаниудын үйл ажиллагааны талаар эхэлье. “Еврохан”, “Фэррастал” компаниудыг манай уншигчдад танилцуулна уу?
Оливер Шнорр: “Еврохан” бол Швейцарь Монголын хамтарсан компани юм. Манай компани Германы уул уурхайн техник, технологийн компаниудын төлөөлөл болж, Монголд үйл ажиллагаа явуулдаг. Ямар ч олборлолт явуулж эхлээгүй хээр талд очихоос эхлээд хөрс хуулах, олборлолт хийх, эрдсээ боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах, үйлдвэр босгох хүртэлх цогц үйлчилгээ үзүүлдэг компаниудыг төлөөлдөг. Тэдний нэг нь “Фэррастал” юм.
Клаус Мэндэ: “Фэррастал” нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд 40 салбартай. Үйл ажиллагааны онцлог нь аливаа төслийг эхлүүлэхдээ А-Я хүртэл бүх ажлыг цогцоор хийж, үйлдвэрийн түлхүүрийг гардуулах хүртэлх бүх асуудлыг шийдвэрлэдэг. Монголд саяхан шинэ салбараа нээлээ. “Фэррастал Монголиа” компани маань усны чиглэлийн болон газрын тосны томоохон үйлдвэрүүдийн төслүүдийг Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Усны төсөл гэхээр их сонирхолтой санагдаж байна. Усны хайгуулын төсөл үү, усан хангамжийн төсөл үү?
Клаус Мэндэ: Усны төслөө хоёр чиглэлээр явуулж байна. Нэг нь нүүрс баяжуулах гэх мэт үйлдвэрлэлийн зориулалттай усан хангамжийн системийг шийдвэрлэх. Хоёр дахь нь иргэдийн ундны усны хэрэгцээг хангах төсөл юм. Иргэдийг ундны усаар хангах төслийн хүрээнд өнгөрсөн жилээс Алтай-Тайширын усан хангамж дээр ажиллаж эхэлсэн. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Говь-Алтай аймгийн Алтай хотын хүн амыг цэвэр усаар хангах юм.
Яагаад “Future Mongolia” үзэсгэлэнд оролцохоор шийдсэн бэ?
Олевир Шнорр: Германы томоохон консорциум энэ үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм. Энэ арга хэмжээнд манай компанийн нэгдлээс “Еврохан”, “Фэррастал”, “Такрап” гэсэн гурван компани оролцоно. “Future Mongolia” нь олон улсын үзэсгэлэн худалдаа гэдгээрээ онцлог учраас бид оролцохоор шийдсэн. Мөн бидний сонссоноор Монголын төр, засгийн зүгээс энэ арга хэмжээг дэмжиж байгаа юм билээ. Манай компани болон бусад түнш компаниуд маань Монголын зах зээлд бусадтай өрсөлдөхүйц технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх чадвартай гэдгээ таниулахын тулд энэ арга хэмжээнд оролцохоор шийдсэн.
Үзэсгэлэнд оролцох компаниудад ямар ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох вэ?
Олевир Шнорр: “Еврохан” компани нь Германы уул уурхайн технологийн компаниудыг Монголд төлөөлөн ажилладаг гэдгийг дээр хэлсэн. Манай түнш 9 компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үзэсгэлэнд танилцуулна. Эдгээр компанийн үйл ажиллагааны чиглэлийг товч танилцуулъя. Эхний компани RWE нь эрдэс баялгийн нөөц тогтоох, уулын зураг хийх, төслийн төлөвлөгөө гаргадаг компани юм. Дараагийнх нь цахилгаан станц барьдаг компани байгаа. “Такрап” компани коньвер үйлдвэрлэдэг. Далд болон ил уурхайн коньверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлдэг компани бас бий. Уул уурхайн тунел барих зураг, технологийг гаргадаг, хүдэр баяжуулах үйлдвэрлэлийн техникийг нийлүүлдэг компаниуд байна. Мөн уул уурхайн компанид кэмпийн үйлчилгээг үзүүлдэг “Суприм”-ээс гадна хайгуул, тэсэлгээ, газрын тосны өрөм нийлүүлдэг “Баова” групп энэ арга хэмжээнд оролцоно.
Клаус Мэндэ: “Фэррастал” компани нь үндсэн гэрээлэгч нөхцөлөөр ажилладаг компани юм. Дэлгэрэнгүй тайлбарлавал, ямар нэг төслийн санаа гарч ирсэн тохиолдолд тэрхүү төслийг боловсруулж эхэлснээс авахуулаад төсөл хэрэгжиж, амжилттай үргэлжилж түлхүүрийг гардуулж өгөх хүртэл иж бүрэн үйлчилгээг харилцагчдадаа үзүүлдэг. Төсөл хэрэгжиж байх явцад хийгдэх ажил үйлчилгээг монгол түншүүдээрээ гүйцэтгүүлнэ. Нэг үгээр хэлбэл консалтинг үйлчилгээ үзүүлнэ. Бид нэг зүйлийг анзаарсан. Монголчууд чанарын асуудлыг их анхаарч үздэг болжээ. Тиймээс бид дэлхийн чанар стандартыг Монголд оруулах зорилготой байгаа юм. Томоохон төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал гарч ирдэг. Тиймэрхүү хөрөнгө оруулалт, санхүүжилтыг бид Германаас сайн нөхцөлтэйгээр босгох боломжийг бизнес эрхлэгчдэд нээж өгнө.
Та бүхэн “Future Mongolia” үзэсгэлэнгээс ямар үр дүн хүлээж байна вэ?
Олевир Шнорр: Германчууд энэ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа учраас нэлээд өндөр түвшинд зохион байгуулагдана гэдэгт бид итгэлтэй байгаа. Дэлхийн олон оронд ийм үзэсгэлэн зохион байгуулж байсан туршлагатай баг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм билээ. Ийм үзэсгэлэнд оролцоход шинэ түншүүдтэй танилцаж, хамтын ажиллагаа эхэлдэг. “Future Mongolia” үзэсгэлэнд оролцсоноор бид Монголын олон сайн компанитай танилцаж, түншилнэ гэж бодож байна.
Клау Мэндэ: Манай компани энэ үзэсгэлэнд оролцохдоо их баяртай байгаа. “Future Mongolia” гэдэг нэр маш их таалагдаж байгааг онцолъё. Бид анх удаа Монголд ийм арга хэмжээнд оролцох гэж байна. Энэ үзэсгэлэнгээс их үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Монголын бизнесийн орчинг Та бүхэн хэрхэн харж байна вэ? Шинэ бизнес эхэлж, хөрөнгө оруулалт хийхэд тулгардаг асуудал юу байна вэ?
Оливер Шнорр: Монгол улсын эдийн засаг маш хурдацтай өсч байгааг бид мэднэ. Ялангуяа уул уурхайн салбар. Түүн дотор ус, газрын тосны салбар эрчимтэй хөгжих хандлагатай байна. Манай компани энэ хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгаа. Монголчууд өмнө нь хямд зардлаар үйлдвэрлэл эрхэлье, хямд зүйл хэрэглэе гэсэн бодолтой байсан бол одоо энэ хандлага нь эрс өөрчлөгдсөн байна. Чанартай, сайн технологиудыг хэрэглэхийн хэрээр дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, амжилтад хүрнэ гэдгийг ойлгодог болсон байна. Тиймээс бид Монгол компаниудтай хамтран ажиллаж Германы сайн технологийг оруулж ирэн нүүрс шингэрүүлэх, газрын тос үйлдвэрлэх гэх мэт том төслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн хүний нөөцийн асуудлыг шийдэх боломж байна. Герман Монголын харилцаа сайн байдаг учраас Германд монгол залуусыг сургаж, төгсөөд ирэхэд нь эндэхийн Герман салбаруудад ажиллуулснаар монголчуудад өндөр технологийг заалгах боломж нээгдэнэ. Бид Монголд бизнес эрхлэхэд нэг сөрөг тал байна гэж боддог. Улс төр болоод хувийн хэвшил нь дэндүү нягт холбоотойг анзаарсан. Хэрвээ төрийн зүгээс хувийн хэвшлийн ажилд дэндүү их оролцдогоо багасгах юм бол улсын эдийн засаг хөгжих байх гэж бодож байна.
Клаус Мэндэ: “Фэррастал” компани Монголын ирээдүйд их итгэлтэй байдаг. Хэдийгээр улс төр, бизнес хоёр нь нягт холбоотой байдаг ч удахгүй энэ асуудал шийдэгдэх байх гэж найддаг. Монгол улс гурав дахь хөршийн харилцааг эрхэмлэдэг гэж сонсч байсан юм байна. Гурав дахь хөрш нь Герман улс болно гэж боддог. Бид ямар нэг улс оронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бизнес эрхлэхдээ аль болох удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, сайн технологийг нутагт нь үлдээхийг эрмэлздэг. Зөвхөн өнөө маргаашаа бодсон зүйл хийж, мөнгөний төлөө шунах сонирхолгүй. Харин олон жил хамтран ажиллаж Монголын эдийн засагт урт хугацааны дэмжлэг үзүүлэх бодолтой байна. Монголын компаниудын ажилчид маш өндөр потенциалтай нь мэдрэгддэг. Биднийг сайн технологи, ноу-хау өгөхөд тэд маш хурдан сурдаг. Тийм учраас өндөр технологийг нутагшуулах боломж нээлттэй юм. Энэ эрчээрээ хамтран ажиллавал өндөр үр дүн биднийг хүлээж байна.
Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа
О.Хосцэцэг
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn