Сэдвүүдийн тухайд, Махны үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа, Орон сууц ба хэрэглэгч, Элсэн говийн хөлөг онгоцоор дэлхийг дагуулна, Шатахууны үнийг бууруулах боломж зэрэг нийгэм эдийн засгийн байдалд асуудал дэвшүүлсэн, арга зам хайсан илтгэлүүд байна. Махны үнийн тухай илтгэлийг СЭЗДС-ийн оюутан хэлэлцүүлсэн бөгөөд , түүний асуудал болгосон гол санаа нь ихээхэн анхаарал татаж байсан. Ингэхдээ махны үнийн өсөлтийг дамлан наймаалж буй ченжүүдийн дамжлага болон уул уурхайн компаниуд махыг ихээр нөөцлөн авч, хэрэглэдэгтэй холбон тайлбарлажээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга А.Ариунболдоос цөөн асуултанд хариулт авлаа.
-Маргааш болох хэрэглэгчийн өдрийг угтан танайх ямар арга хэмжээг зохион байгуулах вэ?
-Жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг хэрэглэгчийн өдөр болгоод, энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийдэг юм. Энэ жилийн хувьд, өнөөдөр гэхэд залуу судлаачдыг хамруулсан “Шударга өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” сэдэвт эрдэм шинжилгэний бага хурлыг зохион байгуулж байна. Түүнчлэн “Хэрэглэгч хаан” сэдэвт зургийн уралдааныг явуулсан, энэ уралдааны дүн маргааш гарна. Үүнээс гадна маргааш “Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх ашиг” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэ бүгд бол хэрэглэгч өөрийн эрхээ мэдэх, түүнийгээ бүрэн ашиглах, энэ талаарх мэдээллийг ард иргэдэд сайтар ойлгуулахад оршиж байгаа юм.
-Хуулинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд төрөөс ямар нэгэн татаас, бодит арга хэмжээг хэрхэн авч болдог юм бол?
-Ер нь хуулиндаа бол хувийн хэвшлийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн, үнэд квот хийх эрхгүй байдаг юм. Төрөөс бол зайлшгүй шаардлага бүхий бараа бүтээгдэхүүнд тухайн цаг үеийн байдлаас хамаарч татаас, зохицуулалт хийдэг л дээ. Тухайлбал, шатахууны үнэ, мах, гурилны үнэд зохицуулалт хийдэг. Ер нь төрийн зүгээс татварыг хөнгөлөх, үнийн татаас хийх зэргээр зохицуулж болдог.