Урлагийн зөвлөл шинэ 15 төслийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Урлагийн зөвлөл шинэ 15 төслийг хэрэгжүүлнэ

Монголын Урлагийн зөвлөл энэ онд 10 нас хүрч байгаа. Тус зөвлөлийнхөн 10 насны төрсөн өдрөө 2012 оны турш тэмдэглэнэ гэнэ. Гэхдээ төрсөн өдрөө ямар нэгэн тоглолт, хүлээн авалт, шоу маягаар тэмдэглэхгүй аж. Тэд 10 жилийнхээ ойн хүрээнд 15 шинэ төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж төрсөн өдрөө тэмдэглэхээр онцлог юм. Өнөөдөр энэ талаараа МУЗ-ын удирдах зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монголын Урлагийн зөвлөл буюу МУЗ нь 2002 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 3.5 сая ам.долларыг олж, Монголын соёл урлагийн хөгжилд зориулсан байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд МУЗ нь хөтөлбөрийн үйл ажиллагаа, хүний нөөц, удирдлага, санхүүжилтийн хувьд төлөвшин, үндэсний болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлсээр ирсэн юм. Энэ хүрээнд тус Зөвлөл нь Төв Ази, Хойд Америк, Зүүн Өмнөд Ази, Япон, Солонгосын болон үндэсний соёл урлагийн байгууллагатай бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлж, соёл урлагийн салбарт шинэлэг менежментийг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, урлагийн боловсролоор  дамжуулан хүүхэд залуусыг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх болон нийгэм, хувь хүний хөгжилд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн. Мөн  уран бүтээлчдийг дэмжих, Урлагийн боловсрол, Соёлын өв, Нөлөөллийн гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг уламжлалтай.
    
Ийнхүү өдгөө 10 дахь жилдээ Монголын соёл урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй, МУЗ нь 10 жилийнхээ хүрээнд дараах 15 шинэ төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ. Энэхүү хөтөлбөрийг МУЗ-ынхан “Бүтээлч хамтын ажиллагааны 10 жил” хэмээн нэрлэж байгаа юм.

  • 3-р сарын 14-28-нд “Цэрэн Турс” ХХК-ний дэмжлэгээр зураач Ж.Мөнхцэцгийн орчин үеийн дүрслэх урлагийн бие даасан “Зүрхнээсээ…” үзэсгэлэн
  •  4-р сард Хөгжим Бүжгийн Коллежийн оюутнуудыг дэмжих, сан бүрдүүлэх зорилготой “Бид танд урлагийг ойртуулна” МУЗ-ийн гишүүнчлэлийн үдэшлэг
  • 4-11-р сард ХАС Банк, Занаду Майнс ХХК, АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгээр ЕБС-ийн сурагчдад зориулсан “Хайрцаг дахь музей” Чойжин Ламын Музей, Байгалийн Түүхийн Музейн өвийн боловсрол олгох төсөл
  •  5-р сарын 9-нд “Ажигана” Группын дэмжлэгээр УДБЭТ, Төгөлдөр Сан, Итали улсын Милан хотод суугаа Монголын Өргөмжит Консулын Газартай хамтран “Сүйт залуус” Италийн орчин үеийн драмын жүжгийн тоглолт
  •  5-р сард АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр “Соёл урлаг ба сэтгүүл зүй” сургалт 
  •  7-р сарын11-12-нд БСШУЯ-ны дэмжлэгээр Улсын Их Баяр Наадмыг зохион байгуулах Үндэсний Хороо, Солонгосын МЕТАА компани, СУИС-тай хамтран Хүй Долоон Худагт зохион байгуулах “Соёлын Наадам” 
  • 1-7 сард Бээжин дэх Норвегийн ЭСЯ, АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгээр хэрэгжмх “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрүүд 
  • 9-р сард  Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/ -ийн дэмжлэгээр “Маргарет Мид” Олон Улсын Баримтат Кино Наадам 
  • 9-р сард Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран Өмнөговь аймагт хэрэгжүүлэх “Цаг хугацаа ба орон зай” Монгол-Солонгосын нүүдлийн урлан төсөл
  • 10-р сард “Энержи Ресурс” ХХК-ийн дэмжлэгээр Монголын орчин үеийн бүжгийн тоглолт 
  • 10-р сард “Монре Импекс” ХХК-тай хамтран гадаадын орчин үеийн бүжгийн хамтлагийн тоглолт 
  • 10-р сард АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгээр “Арга Билэг” хамтлагийн АНУ-дахь аялан тоглолт 
  • 11-р сард АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр хэрэгжиж буй “Амарбаясгалант хийдийг хадгалан хамгаалах” төслийн хаалт
  • 11-р сарын 30-нд  МУЗ-ийн “Бүтээлч хамтын ажиллагааны 10 жил” баярын үдэшлэгийг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Сонирхуулахад

МУЗ нь “Бүтээлч хамтын ажиллагааны 10 жил” баярын үдэшлэгийнхээ хүрээнд Монгол соёл урлагийг гадаад, дотоодод таниулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан, соёл урлагийн салбартай бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлсэн, санхүүгийн дэмжлэг үзүүлж ивээн тэтгэдэг хувь хүн, байгууллагыг олон нийтэд таниулан сурталчлах, соёл урлагийн манлайллыг хөхүүлэн дэмжих зорилгоор “Урлаг Хөгжлийн Төлөө” шагналыг уламжлал болгон  “Монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилсан Шилдэг уран бүтээлч”, “Монголын утга соёлын өвийн Шилдэг өвлөн уламжлагч”, “Соёл урлагийг дэмжигч Шилдэг хувь хүн”, “Соёл урлагийг дэмжигч Шилдэг сан болон төрийн бус байгууллага”, “Соёл урлагийг дэмжигч Шилдэг бизнесийн байгууллага” гэсэн таван номинацид шилдгүүдийг тодруулах юм байна. Шагналыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 18:30 цагаас “iloft Function House”-д болох МУЗ-ийн 10 жилийн ойн ёслолын арга хэмжээний үеэр гардуулах юм.

 

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж