“80 тамирчныг допингийн шинжилгээнд хамруулна”

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“80 тамирчныг допингийн шинжилгээнд хамруулна”

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид аливаа тэмцээн уралдаанд амжилт үзүүлэхэд түлхэц болдог спортын чухал алба бол анагаах ухааныхан байдаг. Тэгвэл тэд олимп болоход 135 хоног үлдээд байгаа энэ үед ямар ажил хийж байгааг сонирхлоо. Тамирчдын эрүүл мэнд, хооллолт, бэртэл гэмтэл, витаминжуулалт гээд л бүгдийг хариуцан ажилладаг Спортын анагаах ухааны албаны дарга, үндэсний шигшээ багийн эмч Л.Насанбаттай ярилцлаа.

-Лондоны олимп болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Тийм болохоор ярилцлагаа эндээс эхлэх нь зүйтэй болов уу. Бүгд л дор бүрнээ боломжийнхоо хэрээр олимпод бэлтгэж байна. Тэгвэл анагаах ухааны багийнхан хэрхэн ажиллаж байна вэ?

-Лондоны олимпод зорилго, чиглэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй ерөнхийдөө бол нэлээд том үйл ажиллагаа явагдаж байна. Лондоны цаг агаар, тамирчдын дасан зохицол, хоол унд, бэлтгэлжилт, витаминжуулалт, бэртэл гэмтэл гэх мэт олон зүйл дээр ажиллаж байгаа. Нэлээд завгүй л байна даа. Эхний ээлжинд тамирчдын бэлтгэлжилтэд зориулж Эрүүл мэндийн яамаар дамжуулан БНСУ-аас спортын анагаах ухааны салбарт хэрэглэдэг сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжийг захиалсан байгаа. Гуравдугаар сардаа багтаад ороод ирэх болов уу. Өмнө нь бид нар зөөврийн багаж хэрэглэж байсан. Энэ нь тамирчдыг амжилт гаргахад нөлөө үзүүлэх нэг хөшүүрэг болох ёстой.

-Хамгийн чухал асуудал нь тамирчдын эрүүл мэнд байх ёстой гэж ойлгож байна. Энэ тал дээр ямар чиглэлийн ажил хийж байна вэ?

-Тийм ээ. Тамирчид ямар нэгэн суурь өвчингүй эрүүл байх ёстой. Энэ чиглэлээр бид нэгдсэн II эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад хоёр жил болж байна. Үндэсний шигшээ багийн тамирчдыг бид тус эмнэлэг дээр нарийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Бас дээр нэмээд хэлэхэд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын тушаал удахгүй гарна. Лондоны эрх авсан болон авахаар бэлтгэж байгаа тамирчдыг илүү нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах юм. Тушаал гарсны дараа Монгол Улсын тэргүүлэх зэргийн докторууд манай шигшээ багийн тамирчдад эрүүл мэндийн үзлэг хийж, лабораторийн шинжилгээнд хамруулж, хяналт тавих болно. Тэргүүлэх зэргийн эмч нарын баг бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар гарах юм.

-Тэгвэл яг одоогийн байдлаар шигшээ багт бэртэл гэмтэлтэй тамирчин байна уу?

-Айхтар сүртэй гэмтэж бэртсэн тамирчин бол алга байна. Тамирчид ч гэсэн адилхан хүн юм болохоор ханиад хүрэх тохиолдол бол гарсан. Мөн тэмцээний үеэр хоёр, гурван тамирчин бага зэргийн бэртэл авсан байгаа. Тэдэнд эмчилгээ сувилгаа хэвийн хийгдээд л явж байна. Заавал нэрийг нь зарлаад байх шаардлагагүй байх. Ер нь бол бид тамирчны бэлтгэлжилт, ядралт, бэртэл гэмтэл, спортын өвчлөл зэргийг тодорхойлно. Үүний дараа энэ бүхнийг нэгтгэсэн мэдээллийг дасгалжуулагч нарт нь өгөх юм. Бидний өгсөн мэдээллийн дагуу дасгалжуулагч нар бэлтгэлээ өөрчлөх, ачааллаа тэнцвэржүүлэх зэрэг дээр онцгой анхаарал хандуулна. Ялангуяа эм, витаминжуулалт дээр нэлээд ач холбогдол өгч байгаа. Мэдээж үүнд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг БТСГ, Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Хэдийгээр хүрэлцээ муутай ч боломжийнхоо хэрээр витаминжуулалтаар тамирчдаа хангаад явж байна. Энэ асуудал дээр зөвхөн БТСГ, Эрүүл мэндийн яам, Спортын анагаах ухааны алба анхаарал хандуулаад байгаа юм биш. Бокс, жүдо, чөлөөт бөх, буудлага гэх мэт спортын бүх л холбоод өөрсдөө бас тамирчдын витаминжуулалтад санаа тавьж байна.

-Мэргэжилтнүүдийн байнгын ярьдаг сэдэв бол яалт ч үгүй Лондоны цаг уур, цагийн зөрүү зэрэг болж байна. Энэ тал дээр ямар бодлого барьж байгаа юм бол?

-Мэдээж Лондоны цаг агаар, хоол унд, орчны нөхцөл байдал зэрэг нь Бээжингийн олимпоос илүү хурцаар тавигдаж байгаа. Тамирчид маань хэд хоногийн өмнө Лондонд очвол тухайн орчиндоо дасан зохицох вэ гэдэг асуудлаар бид бүрэн хэмжээний урьдчилсан судалгаа хийсэн. Үүнийгээ эмхтгэж байгаад ирэх сарын 15-ны дотор багтаан шигшээ багийнхаа бүх тамирчдад албан ёсоор мэдээлэл өгнө. Энэ дагуу буудлага, чөлөөт бөх, бокс, жүдогийнхон, хөнгөнийхөн хэзээ очих вэ гэдгээ шийдэх юм.

-Олимпийг дагаад допингийн асуудал заавал ургаж гарч ирдэг. Энэ тал дээр манай улс ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Олон улсын олимпийн хороо, дэлхийн допингийн төвийнхөн ямар нэгэн байдлаар тухайн тамирчнаас допинг илэрсэн тохиолдолд бүх насаар нь тэмцээн, уралдаанд оролцох эрхийг хасдаг тогтолцоонд шилжих гэж байгаа. Өмнө нь бол 2-4 жилээр л хасдаг байлаа шүү дээ. Одоо бол өөр. Лондоны олимпийн үеэс эхлээд дээр хэлсэн тогтолцоонд шилжих байх. Допингийн асуудалд орохгүйн тулд 2012 оноос гарснаас хойш тамирчин, дасгалжуулагч нартай тогтмол энэ сэдвээр ярилцаж байгаа. Цаашид ч гэсэн тодорхой үе шаттайгаар долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл энэ асуудлаар яриа, лекцүүд хийж байх болно. Ер нь энэ сард МҮОХ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв, Спортын анагаах ухааны төв, шигшээ багийн тамирчид болон спорт холбоод гэсэн хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулна. Энэ гэрээ маань нэлээд ач холбогдолтой юм. Ямар ч байсан тамирчдаа Лондонруу явахаас өмнө олимпод оролцох магадлалтай тамирчдаас тэмцээний бус допингийн шинжилгээнд хамруулж байна. 3-4 үе шаттайгаар 80 орчим тамирчныг хамруулахаар зэхэж байгаа.

-Манай улсад түгээмэл хэрэглэдэг бэлдмэлүүд дунд допингийн бодис агуулсан хэчнээн төрлийн эм байдаг юм бол?

-Жил бүр допингийн ангилалд багтсан эм бэлдмэлийн жагсаалт гардаг. Дэлхийн допингийн төвийн эм зүйн ангилалд эмээр нь ч, бодисоор нь ч жагсаалт гаргадаг. Эмүүдээр жагсаавал маш урт жагсаалт гарна. Гэхдээ төчнөөн төрлийн эм байдаг гээд шууд хэлэх боломж алга. Харшлын эмээр жишээ аваад үзье л дээ. Улс орон болгон аливаа нэг бодисоор харшлын эм хийхдээ өөр өөрийн гэсэн технологиор хийдэг. Америк, Япон, Орос, Монгол гэх мэт нэг ижил үйлчилгээтэй олон төрлийн эмүүдийг нэрлэж чадахгүй байна.

-Спортын анагаах ухааны алба нөхөн сэргээх эмчилгээ хийхэд тоног төхөөрөмжөөр хэр хангалттай байдаг юм бэ?

-Ер нь бол гайгүй гэж боддог. Сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангахад Биеийн тамир, спортын газраас маш сайн туслалцаа үзүүлж байгааг дурдах хэрэгтэй болов уу. Мэдээж ганц, хоёр хэрэгтэй материал бий. Гэхдээ энэ бүхнийг удахгүй шийдээд өгөх байх. Бид нар саяхан Эрүүл мэндийн сайдад түргэний машинтай болох хүсэлтээ тавьсан. Сайд шийдэж өгөхөө амласан. Ямар нэгэн тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтад нэг тамирчин бэртлээ гэхэд бид эмнэлэгүүдээс машин түрээсэлдэг. Тийм учраас энэ асуудлыг маань ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх байх.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж