Сансарт жингүйдэх нь тархинд муу нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Сансарт жингүйдэх нь тархинд муу нөлөөтэй

Сансрын нисгэгчид жингүйдэх нь тархины үйл ажиллагаанд муу нөлөөтэй болохыг АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаа харуулжээ. Судалгааны үр дүнг Journal of Radiology сэтгүүлд нийтэлсэн байна.

Техасын Их Сургуулийн эрдэмтэд 27 сансрын нисгэгчийн тархины томографийн бичлэг хийсэн бөгөөд жингүйдэлд байгаа нисгэгчдийн тархины даралт өндөрсөж байсан гэнэ. Энэ даралт хэт ихэдвэл нүдний харааг муутгадаг ажээ. Лабораторийн нөхцөлд жингүйдлийн байдалд нисгэгчдийг биеийн байдлыг 30 хоногийн турш ажигласан юм. Энэ үед зургаан нисгэгчийн нүдэнд, дөрвөн нисгэгчийн харааны мэдрэлд өөрчлөлт гарсан байна.

Энэ судалгаанаас өмнө сансарт удаан хугацаагаар байхад нисгэгчдийн яс сийрэгжин, булчин суларч байсан тохиолдол гарч байжээ. Түүнчлэн тэд нарны хэт ягаан туяаны хортой үйлчлэлд өртдөг аж. Тиймээс сансрын тойрог замын станцуудад нисгэгчдийг хагас жилээс илүү хугацаанд ажиллуулахгүй байгаа юм.

Эрдэмтэд жингүйдэл нь хүний бие организмд өөр ямар нөлөөтэй болохыг НАСА төвийн эрүүл мэндийн багтай үргэлжлүүлэн судлахаар болжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж