Цалин нэмэх хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Цалин нэмэх хэлэлцээ хийнэ

МҮЭХ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох болон хувийн хэвшлийнхний цалинг нэмэгдүүлэхийн тулд  Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрт орох тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэхүү хэлэлцээрийг МҮЭХ гуравдугаар сарын 15-нд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой  хийхээр болсон байна.  Ингэхдээ хоёрдугаар сард Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн салбар ажиллагсадын цалинг хөлс болон цалингийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэн, уг саналыг энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэхийг хүсч, ийнхүү гурван талт хэлэлцээрт орохоор зэхэж байгаа ажээ. Түүнчлэн хэлэлцээрийн төсөлд  хувийн хэвшилд ажиллагсад 600 мянган төгрөгнөөс доош цалинтай бол Хүн амын орлогын албан татварыг чөлөөлөхийг тусгасан гэнэ.

МҮЭХ хэлэлцээрт илгээх төслийг тус хорооноос эдийн засаг, үйлдвэржилт, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, бүс нутгийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар баруун, хойд, төвийн аймгуудаар өрнүүлсэн  “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” хэлэлцүүлэгт үндэслэсэн гэнэ. Хэлэлцээрт орох Хөдөлмөр, Нийгмийн гурван талт төслийн тухай МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч, ТХГТАҮЭХ-ны дарга С.Эрдэнэбатаас асуулаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох боломжтой болов уу?

-Бид бүрэн боломжтой гэж үзсэн. Учир нь цалин хөлсний тухай, бүтээмжид суурилсан үнэлгээний судалгааг хийж үзсэн. Хамгийн гол нь хувийн хэвшлийн захирлууд өөрсдөө үнэтэй машин унаж явахын оронд ажиллагсадынхаа цалинг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Энэ нь өөрөөр хэлбэл орлогын тэгш хуваарилалт гэсэн үг юм.

-Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр хувийн хэвшлийнхний санхүүг дэмжих хэрэгцээ шаардлага гарч ирнэ.  Энэ тал дээр ямар байр суурийн үндсэн дээр нэмэгдүүл гэж хүсч байгаа вэ?

-Арга замууд бий  л дээ. Аливаа компанид ТУЗ-ийн оролцоог хангах хэрэгтэй байгаа юм. Энэ нь ТУЗ-д компанийн ажилтны төлөөлөл оролцуулж, орлогын тэнцвэрт байдлыг хянах бололцоотой болно. Түүнчлэн жижиг дунд үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд, хувийн хэвшлийн компаниудыг дэмжих хэрэгцээ ихээхэн гарна. Ингэхдээ компанийн үйл ажиллагааны цар хүрээг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хамруулах механизмаар зохицуулахад бүрэн бололцоо байгаа юм.

-Төсөлд өөр ямар асуудлыг тусгасан бэ?

-Хэлэлцээрт хүргүүлэх төсөлд 100 мянган айлын орон сууцны зээлд хамрагдах журмыг сайжруулах, мах гурилны үнийн өсөлтийг хязгаарлах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэгш оролцоог хангах зэрэг асуудлууд цогцоороо багтсан байгаа.

-Цалин нэмэхээр үнийн хөөрөгдөл ахиад дэгдэнэ гэдэг таамаглал байгаа?

-Бид ингэж тэмцэж, хэлэлцээрт орж, цалинг нэмэгдүүлэх гээд байгаа нь баян хоосны ялгааг арилгахын тулд цалингийн хөлсний доод хэмжээг дээшээ татах, нийгмийн баялагийг тараах зорилготой.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж